Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед-компани хоорондын Хөрөнгө оруулалтын Гэрээ
Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл болон Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 болон 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар (цаашид хамтад нь “Тогтоол” гэх) тогтоолуудыг үндэслэн:
Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор түүнийг төлөөлж, Монгол Улсын Сангийн Сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний Сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд; (цаашид хамтад нь “Засгийн газар” гэх) болон,
Хөрөнгө оруулалтын Гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн 2657457 дугаар бүхий, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 00-218 дугаар бүхий гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 6708А, 6709А болон 6710А тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголиа Инк XXK (цаашид “Хөрөнгө оруулагч” гэх),
Юкон мужийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Канадын Юкон мужийн Вайтхорс, Блак гудамжны 300-204 тоот, Y1A 2M9 хаягийн бүртгэлтэй Айвенхоу Майнз Лимитед корпораци (цаашид “Айвенхоу Майнз Лимитед” гэх),
Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон, Ийст борн Тэррасын 2 тоот, W2 6LG хаягийн бүртгэлтэй Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед (цаашид “Рио Тинто” гэх), компани,
Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 4.1.11 болон Монгол Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын дагуу Оюу толгой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсныг;
Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг;
Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны тогтвортой орчин (түүний дотор татварын тогтвортой орчин)-г тодорхой хугацаанд хадгалах, Бүтээгдэхүүнийг Хөрөнгө оруулагч олон улсын зах зээлийн үнээр борлуулах, орлогоо чөлөөтэй захиран зарцуулах Хөрөнгө оруулагчийн эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, Говийн өмнөд бүсийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, Монгол Улсын компаниуд, хувь хүмүүст бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, энэхүү Гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулах хугацаанд талуудын эрх үүргийг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгааг;
Ашигт малтмалын тухай хууль болон Тогтоолоор Улсын Их Хурал Засгийн газарт энэхүү Гэрээг байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд Гэрээг байгуулсанаар Засгийн газар заавал биелүүлэх үүрэг хүлээхийг харгалзан
Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны тогтвортой орчин (түүний дотор татварын тогтвортой орчин)-г тодорхой хугацаанд хадгалах талаар харилцан тохиролцож, энэхүү Гэрээг (цаашид “Гэрээ” гэх)-г 2009 оны [ ] сарын [ ]-ны өдөр дараахь нөхцөлөөр байгуулав.
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Хөрөнгө оруулагч нь хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дагуу Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн санхүүжилтээр Оюу толгой төсөлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан. Энэхүү Гэрээний 16.22-д заасныг харгалзан уг Гэрээ нь хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөгдөж, Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-р зүйлд заасны дагуу эхний ээлжинд 30 жилийн хугацаанд хүчинтэй байна.
1.2. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд шаардлагатай бүхий л түрээс, лиценз, зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий виз, гаалийн бүрдүүлэлт, хөнгөлөлт эдлэх эрх, дамжин өнгөрөх эрх, баталсан шийдвэр болон түүнтэй адилтгах бусад эрх, зөвшөөрлийг (цаашид “Зөвшөөрөл” гэх) авах өргөдлөө Монгол Улсын хуулийн дагуу гаргах болно. Засгийн газар үүнтэй холбоотой Хөрөнгө оруулагчийн хүчин чармайлтыг хөнгөвчлөхөд боломжтой бүх туслалцаа үзүүлнэ.
1.3. Энэхүү Гэрээний 2.22.2-д заасныг харгалзан (2.1 болон 2.22-т тодорхойлсоноор) татваруудыг тогтворжуулна
1.4. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний дагуу бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах, экспортод гаргах, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үйл ажиллагаагаа чөлөөтэй өргөтгөх, борлуулалтын орлогоор олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо гадаад улсад шилжүүлэх болон чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй.
1.5. Энэхүү Гэрээ нь Гэрээт талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул явуулах, газрын гадаргуу болон түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, тээвэр, эрчим хүч, усны болон бусад дэд бүтцийг барьж байгуулах, ажиллуулах, хүдрийн овоолго, хог, хаягдалын овоолго хийх, хүдэр боловсруулах (түүний дотор бутлах, тээрэмдэх, хөвүүлэн баяжуулах , шүүх), Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, уурхайг хаах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой Хөрөнгө оруулагчийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд (цаашид “Үндсэн үйл ажиллагаа” гэх) хамаарна .
1.6. Засгийн газар нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчилнө. Энэхүү Гэрээний 16.8–д заасны дагуу Гэрээ сунгагдсанаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг Засгийн газар нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй. Энэхүү Гэрээний 1.6-р заалт нь Хөрөнгө оруулагчийн хувьцаанаас Засгийн газар, эсхүл Монгол Улсын иргэдэд шилжүүлэх буюу олгох тухай хуулийн болон УИХ-ын тогтоолын дагуу үүсч болох бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар баталгаажуулав.
1.7. Монгол Улсын, ялангуяа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ, үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд материал, хангамжийн материал, сэлбэг хэрэгсэл нь үнэ өртөг, нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, чанарын хувьд өрсөлдөхүйц байх тохиолдолд тэдгээрийг Хөрөнгө оруулагч тэргүүн ээлжинд худалдан авч хэрэглэнэ.
1.8. Энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн Гэрээнд талууд гарын үсэг зурж, Хувь нийлүүлэгчдийн Гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх энгийн хувьцааг Засгийн газарт олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу хүлээх Хөрөнгө оруулагчийн бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу хүлээх үүргийг Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3(c) заалтын дагуу хангах бөгөөд Төрийн өмчит компани Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3(c) заалтад тусгасан шаардлагуудыг хангаж чадахгүй болсон аливаа тохиолдолд Засгийн газар уг үүргийг өөртөө хүлээн авч хариуцна.
1.9. Энэхүү Гэрээгээр зохицуулаагүй аливаа харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, журам, Монгол улсын олон улсын гэрээний дагуу зохицуулна.
1.10. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь далд болон ил уурхайн хэсэгт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Эдгээр талбай дахь Ашигт малтмалын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, журмын дагуу Төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлсэн. Техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс нь хойш 90 хоногийн дотор хянаж дуусгана.
1.11. Энэхүү Гэрээнд хэрэглэгдсэн нэр томьёог Гэрээний хавсралтад заасны дагуу ойлгоно.
2. ТАТВАРЫН ОРЧИН
2.1 Энэхүү Гэрээнд заасныг харгалзан Хөрөнгө оруулагч нь Гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татваруудыг зөвхөн төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-д заасны дагуу талууд дараахь татваруудыг тогтворжуулна (цаашид “Тогтворжуулсан татвар” гэх) гэдгийг харилцан тохиролцов:
2.1.1. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
2.1.2. гаалийн албан татвар;
2.1.3. нэмэгдсэн өртгийн албан татвар;
2.1.4. онцгой албан татвар (Гэрээний 2.21–д зааснаас бусад тохиолдолд);
2.1.5. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (энэхүү Гэрээний 3.10-д заасан);
2.1.6. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;
2.1.7. үл хөдлөх хөрөнгийн албан татвар,
2.1.8. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн дагуу ногдуулах татвар болон уг хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль (2.6-р заалтыг харгалзан)
Татварын ерөнхий хуулийн (Гэрээг байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 7 дугаар зүйлд заасан дээр дурдсанаас бусад төрлийн татваруудыг үл тогтворжуулна (цаашид “Тогтворжуулаагүй татвар” гэх).
2.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зорилгоор Талууд Гэрээг байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үйлчлэлийн дүнд үүсэх аливаа суутгалын татварыг тогтворжуулахаар харилцан тохиролцов.
2.3. Хөрөнгө оруулагчид тогтворжуулаагүй татваруудыг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмаар ногдуулна. Хөрөнгө оруулагчийн хамааралтай этгээдүүд, гэрээт гүйцэтгэгч, эсхүл туслан гүйцэтгэгчид тэдгээрийн ажиллагсадад татварыг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмаар ногдуулна. Хэрэв тухайн татвар төлөгчид ногдуулсан татвар (түүний дотор хувь хэмжээ), татварын шаардлага нь бусад аж ахуйн нэгж, компани, татвар төлөгчид, ажиллагсадад ногдуулж буй татвараас илүү татварын дарамт учруулахуйц, эсхүл тухайн татвар төлөгчийн эрхэлж буй үйл ажиллагааны өвөрмөц хэмжээ, цар хүрээнээс шалтгаалан түүний татварын дарамт нь бусад татвар төлөгчдийнхөөс ялгаатай байвал уг татвар, татвар ногдуулалтыг ялгаварлан гадуурхсанд тооцно.
2.4. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов;
2.4.1. Эргэлзээ төрүүлэхгүй байх зорилгоор энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн ямар ч нөхцөлд Гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаас бусад татварыг төлөх үүрэг хүлээхгүй;
2.4.2. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш дараахь нөхцөл байдлаас үүдэн гарсан татварыг ямар ч нөхцөлд төлөх үүрэг хүлээхгүй:
i) энэхүү Гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 7-р зүйлд заагаагүй татварыг ногдуулахын тулд Тогтворжуулаагүй татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ; эсхүл
ii) Тогтворжуулсан татвартай адилтгах татвар ногдуулахын тулд Тогтворжуулаагүй татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах.
2.5. Хөрөнгө оруулагчийн татвар ногдуулах жилийн орлого 0-3.0 тэрбум төгрөг байх тохиолдолд 10 хувиар,3.0 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
2.6. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагч зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ногдуулах албан татвар (эргэлзээ төрүүлэхгүй байх зорилгоор 2.1.8-р заалтад заасан татвар)-ыг ямар ч байдлаар эсхүл “гэнэтийн ашгийн” татвартай адилтгах татварыг төлөх үүрэг хүлээхгүй.
2.7. Хөрөнгө оруулагчийн дараах орлогод дор дурдсан хувь хэмжээгээр татвар ногдуулна:
2.7.1. ногдол ашгийн орлогод 10 хувиар;
2.7.2. эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
2.7.3. үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогод 2 хувиар;
2.7.4. хүүгийн орлогод 10 хувиар;
2.7.5. эрх борлуулсаны орлогод 30 хувиар.
2.8. Хөрөнгө оруулагч давхар татварын холбогдох хэлэлцээрийн хүрээнд Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 17.2.9-д заасны дагуу Хөрөнгө оруулагчийн суутгавал зохих Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олсон доорхи орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулахаар Талууд харилцан тохиролцов:
2.8.1. Гэрээний 2.25-р заалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17-р заалтыг харгалзан зээлийн хүү болон баталгаа гаргасны төлбөрт 20 хувиар;
2.8.2. Эрхийн шимтгэлийн орлого, зээлийн хүүгийн орлого, санхүүгийн түрээсийн төлбөр, захиргааны зардлын төлбөр, түрээсийн төлбөрт 20 хувиар;
2.8.3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод 20 хувиар.
2.9. Хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн буюу давуу эрхийн хувьцаанд төлөх ногдол ашигт Монгол Улсын хууль, түүний дотор Татварын ерөнхий хуулийн 2.2-т заасны дагуу хэрэглэгдэх давхар татварын тухай аливаа холбогдох гэрээнд зааснаар татвар ногдуулж, хувийг тогтворжуулна.
2.10. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн дагуу тодорхойлно.
2.11. Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.9–т заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно.
2.12. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2-т заасны дагуу уг хуулийн 20.1-д заасан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Эргэлзээ төрүүлэхгүй байх зорилгоор 8 жил тооцох татварын алдагдлыг зөвхөн 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш гарсан татварын алдагдалд үйлчлэхээр ойлгоно.
2.13. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2-т заасны дагуу хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жил хасагдах алдагдлын хэмжээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.3-т заасны дагуу хязгаарлалт тавихгүй. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогын дүнд алдагдал тооцох хэмжээ 100 хувь байж болно.
2.14. Хөрөнгө оруулагчийн нэг жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл хорогдлын шимтгэлийг доорх элэгдлийн хуваарийн дагуу тооцно.
|
Үндсэн хөрөнгийн бүлэг
|
Ашиглалтын хугацаа /Жилээр/ |
Элэгдэл тооцох арга
|
1
|
Барилаг байгууламж |
40 |
Шулуун шагамын
аргаар
|
| 2 |
Машин механикм, техник тоног төхөөрөмж
|
10 |
Шулуун шагамын аргаар |
| 3 |
Компьютер, түүний эд анги, программ хангамжууд
|
3 |
Шулуун шагамын аргаар |
| 4 |
Ашиглалтын хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө
|
10 |
Шулуун шагамын аргаар |
| 5 |
Ашиглалтын хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/
|
Хүчин төгөлдөр байх хугацаа |
Шулуун шагамын аргаар |
| 6 |
Бусад үндсэн хөрөнгө
|
10 |
Шулуун шагамын аргаар |
2.15. Энэхүү Гэрээний 2.14-т заасан элэгдлийн хуваарьт заасан үндсэн хөрөнгийн бүлгийг тодорхойлохын тулд Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов:
2.15.1. Барилгад суурилуулсан машин механизм тоног, төхөөрөмж, байгууламжид суурилуулсан машин механизм тоног, төхөөрөмж болон далд уурхайн дэд бүтцэд суурилуулсан машин механизм тоног, төхөөрөмжийг Хөрөнгийн ангилалын 2-р бүлэгт хамааруулах;
2.15.2. Бусад үндсэн хөрөнгө: хөрөнгөөр бүртгэсэн хөрс хуулалтын өмнөх болон хөрс хуулах зардал, далд уурхайн босоо ам болон бусад гүнийн дэд бүтэц (зам, хүдэр буулгах цэг, агааржуулалтын босоо хоолой зэргийг оролцуулан)-ийг нь хөрөнгийн ангилалын 6-р бүлэгт хамааруулна.
2.16. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12, 15 дугаар зүйлд заасныг харгалзан үйл ажиллагааны зардлууд, түүний дотор Оюу толгой төсөлтэй холбоотой засвар, үйлчилгээний зардлыг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
2.17. Хэрэв Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр хилийн шалган нэвтрүүлэх боомт барьж байгуулсан, засч тохижуулсан тохиолдолд уг хөрөнгөтэй тэнцэх хэмжээний зарлагыг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.П
2.18. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 11.1-д заасны дагуу импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулна. Буцаан олгогдохгүй Нэмэгдсэн өртөгийн албан татвар холбогдох хуулийн дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар) ногдох орлогоос хасаж тооцно.
2.19. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
2.19.1. Гаалийн татварыг Гаалийн тухай хуулийн дагуу ногдуулна;
2.19.2. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасны дагуу Оюу толгой төсөлтэй холбоотой ажил, үйлчилгээ, экспортод гаргасан бараанд (нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх алтны экспортоос бусад) ногдуулах нэмэгдсэн өртөгийн албан татварын хувь тэг “0” байна:
i) Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа (алтнаас бусад);
ii) Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;
iii) Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гадаад улсад үзүүлсэн (албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан) үйлчилгээ;
iv) үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ (түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан).
v) Экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн
2.20. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчдийн Оюу толгой төсөлд шаардагдах, түр хугацаагаар импортолсон тоног төхөөрөмжийг Гаалийн тухай хуулийн 8 дугаар бүлэг, 4 дүгээр дэд бүлгийн 93-98 дугаар зүйлд заасны дагуу түр оруулах горимоор оруулна.
2.21. Хөрөнгө оруулагч өөрийн хэрэгцээнд зориулан импортолсон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин, дизелийн түлшинд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, авто бензин, дизелийн түлшний албан татвар болон гаалийн албан татварыг холбогдох хувь хэмжээгээр үл ялгаварлах зарчмаар төлнө.
2.22. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
2.22.1. энэхүү Гэрээний 2.22.2-т зааснаас бусад тохиолдолд, Иргэний хуулийн 5.2, Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-д заасны дагуу энэхүү Гэрээ нь түүнийг хүчин төгөлдөр болсноос хойш батлагдсан татварын хууль тогтоомж, журмаас үл хамааран Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд хүчинтэй байна.
2.22.2. энэхүү Гэрээ байгуулагдсаны дараа батлагдсан аливаа хууль тогтоомж, эсхүл давхар татварын гэрээгээр тогтоосон татварын хувь хэмжээ нь энэхүү Гэрээнд заасан албан татварын хувь хэмжээнээс доогуур тогтоогдсон, эсхүл энэхүү Гэрээний заасан Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих албан татварыг бууруулахаар байвал Хөрөнгө оруулагч тухайн хууль тогтоомж, журам давхар татварын гэрээгээр олгогдсон хөнгөлөлтийг эдлэх хүсэлтээ Засгийн газарт бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд болон Иргэний хуулийн 5.3, Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-д заасны дагуу:
i) тухайн доогуур тогтоогдсон албан татварын хувь хэмжээ, татварын бууралт нь 2.22.2-ийн II-т заасныг харгалзан бусад тохиолдолд Хөрөнгө оруулагчийн энэхүү Гэрээний дагуу хүлээх татварын үүргийг тодорхойлоход мөн адил үйлчилнэ.
ii) хэрэв дээр дурдсан хууль тогтоомж, журам, олон улсын гэрээнд өөрчлөлт орсноор татварын буурсан хувь хэмжээ нь буцаан нэмэгдсэн бол Хөрөнгө оруулагч нь тухайн нөхцөлийг эдлэх хүсэлтийг 2.22.2-т заасныг харгалзан Засгийн газарт гаргаснаас өмнө эдэлж байсан нөхцөлөө буцаан эдлэх болно.
2.23. Хэрэв Хөрөнгө оруулагч нь түүний хамааралтай этгээдэд зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан эсхүл түүнээс худалдан авсан , ажил хийсэн, үйлчилгээ үзүүлсэн, бараа, хөрөнгө шилжүүлсэн эсхүл түүнээс шилжүүлж авсан бол тухайн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн түүнтэй адилтгах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэвлэн нийтлүүлсэн шилжүүлгийн зарчмыг баримтална. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11.1-ийн дагуу зах зээлийн шударга үнэлгээгээр Менежментийн үйлчилгээний төлбөрийг тогтоон хийсэн болохоо Талууд харилцан тохиролцов.
2.24. Татварын тайлан тооцоо гаргах зорилгоор (үүнд татваруудын тооцоо хийж, төлөх зорилгоор) Хөрөнгө оруулагч нь анхан шатны үндсэн бүртгэлээ ам.доллараар хөтөлж болно. Хөрөнгө оруулагч түүнчлэн нягтлан бодох бүртгэлээ Монгол Улсын хуулийн дагуу монгол төгрөгөөр хийнэ. Төгрөгөөр төлөх албан татваруудыг тооцохдоо ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр, 2.3-р заалтад заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчмуудыг хэрэглэн ам.долларыг төгрөгт шилжүүлэн тооцно.
2.25. Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчид оруулах Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зохицуулалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11.1-д заасны дагуу зах зээлийн шударга үнэ цэнээр олгогдож байгааг Талууд зөвшөөрч байна. Засгийн газар Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17-р заалтын дагуу Төрийн өмчит компанийн хүлээх үүргийг биелүүлэхээ зөвшөөрч байна.
2.26. Энэхүү Гэрээний 3.10-д заасны дагуу төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.14-т заасны дагуу Хөрөнгө оруулагчийн татвар ногдох нийт орлогоос хасч тооцно.
2.27. Хэрэв тухайн сард Хөрөнгө оруулагч, эсхүл түүний хамааралтай этгээдэд эгүүлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь Хөрөнгө оруулагчийн, эсхүл түүний хамааралтай этгээдийн мөн хугацаанд төлөх ёстой нийт нэмэгдсэн өртгийн албан татвараас илүү гарахаар бол татварын албанаас дараахь арга хэмжээг авна. Үүнд:
2.27.1. дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох;
2.27.2. улсын нэгдсэн буюу орон нутгийн төсөвт Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих бусад төрлийн албан татвараас хасч тооцох;
2.27.3. нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоогоор гарсан илүү төлөлтийг Татварын Ерөнхий хуулийн 17.1.4 болон 58 дугаар зүйлийг үндэслэн буцаан олгох.
2.28. Хөрөнгө оруулагчийн ирээдүйд төлөх татварыг сайн дураар урьдчилан төлөх, мөн тэрхүү урьдчилгаа төлбөрийг татварын өр төлбөрөөс хэрхэн суутган тооцох талаар Хөрөнгө оруулагч болон Засгийн газар бичгээр тохиролцож болох бөгөөд ийнхүү тохиролцсон тохиолдолд уг зохицуулалт нь энэхүү Хөрөнгө оруулалтын Гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.
Урьдчилгаа төлбөрт тооцох хүүгийн хэмжээг хэлэлцэн тохирох бөгөөд Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татварын дүнгээс эсхүл Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох дүнгээс бүрэн суутгаж дуусах хүртэл хүү бодно. Урьдчилгаа төлбөртэй холбоотой аливаа хүүгийн орлого, эсхүл татвар ногдуулах орлогод ямар нэгэн татвар ногдуулахгүй.
2.29. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3-т заасан зээлийн дүн, өмнө оруулсан хөрөнгө оруулалтын харьцааны шаардлагыг Хөрөнгө оруулагч хангаж ажиллана гэдгийг Талууд харилцан тохиролцов. Энэхүү Гэрээний зорилгод:
2.29.1. Хөрөнгө оруулагчийн авсан зээлийн дүн, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хоорондын харьцаа 3:1-ээс илүү гарсан бол илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй;
2.29.2. Хөрөнгө оруулагчийн авсан зээлийн дүн, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хоорондын харьцаа 3:1-ээс илүү гарсан бол илүү гараагүй зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно;
2.29.3. зээл хөрөнгө оруулалтын харьцааг тодорхойлох үүднээс нийт зээлийн өрийн хэмжээг тооцохдоо хамааралтай болон хамааралгүй этгээдүүдэд төлөх зээлийн нийлбэрийг оруулж тооцох бөгөөд хүү тооцохгүй аливаа зээлийг оруулж тооцохгүй;
2.29.4. зээл болон өөрийн хөрөнгийн харьцааг тодорхойлох үүднээс нийт өөрийн хөрөнгийн хэмжээг тооцохдоо энгийн болон давуу эрхийн хувьцааг нэмж тооцно;
2.29.5. Татвар ногдох орлогоос хасч тооцохгүй хүүгийн хэмжээг ногдол ашиг гэж тооцно. Ийм аливаа татвар ноогдох орлогоос хасч тооцохгүй хүүгийн төлбөрт суутгалын татвар ноогдуулахгүй.
2.30. Оюу толгой төсөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй буюу түүнд үйлчилгээ үзүүлж буй аливаа аж ахуйн нэгж татварын орчноо тогтворжуулахын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19-р зүйлийн дагуу хүсэлтээ гаргаж болно.
2.31. Талууд дараахь зүйлийг харилцан тохиролцов: Үүнд:
2.31.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19-р зүйл болон тухайн хуулийн дагуу батлагдсан журмын дагуу нийт хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэх хэмжээгээр хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч авах эрхтэй.
2.31.2. Хөрөнгө оруулагчийн барилгын ажил гүйцэтгэх хугацаа дуусах хүртэл Монгол Улсад хийсэн бүх хөрөнгө оруулалт (түүний дотор энэхүү Гэрээг байгуулах өдрөөс өмнө хийсэн бүх хөрөнгө оруулалтууд)-д энэхүү хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг олгох боловч үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлогыг олох зорилгоор хөрөнгө худалдаж авахад хийсэн хөрөнгө оруулалтад олгохгүй.
2.31.3. Хөнгөлөлттэй холбоотой хөрөнгийн элэгдэл тооцсон өртөгөөс энэхүү хөнгөлөлтийг хасахгүй. Хэрэв хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 17.1-р зүйлд заасан тухайн татварын жилийн орлогын татварын хэмжээнээс давсан бол давсан дүнг хөрөнгө оруулагчийн ашигтай ажилласан татварын дараагийн 3 жилд оруулан тооцно.
2.32 Энэхүү Гэрээний хугацаанд Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орсоны улмаас Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүд экспортод гаргасан бүх бүтээгдэхүүн эсвэл Оюу толгой төсөлтэй холбоотойгоор гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд ноогдуулах нэмэгдсэн өртөгийн албан татварын хувь хэмжээ “0” болсон тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-р зүйлийн дагуу уул уурхайн салбарыг тэргүүлэх ач холбогдолтой салбарын ангилалаас хассан бол энэхүү Гэрээний 2.31-р заалтад заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг (Гэрээний 16.20.1-р заалтын үйлчлэлийг үл харгалзан) Хөрөнгө оруулагчид олгохгүй болохыг талууд тохиролцов. Хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч эдлэхээ болихоос өмнө хуримтлуулсан хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч ирээдүйд шилжүүлэхийг энэхүү Гэрээний заалтууд хязгаарлахгүй.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл тус бүрийг эхний ээлжинд 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.6-д заасны дагуу Хөрөнгө оруулагч Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл тус бүрийг Ашигт малтмалын тухай хуулийн 28.1-д заасны дагуу хүсэлт гаргасны үндсэн дээр 20, 20 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй.
3.2. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
3.2.1. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээнд заасан нөхцөлөөр Гэрээт талбайд дэд бүтэц болон холбогдох бусад байгууламжийг барих, ажиллуулах, ашигт малтмалын хайгуул хийх болон олборлох үйл ажиллагаа явуулах эрхтэй.
3.2.2 Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байгаа далд уурхай болон 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийж тогтоосон аливаа бусад орд газарт улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд нөөцийг бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, журмын дагуу Ашигт малтмалын газарт хянуулахаар хүргүүлсний дараа олборлох болон Үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг байж болох ашигт малтмалыг баяжуулах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Нөөцийг бүртгэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Төрийн захиргааны байгууллагад хайгуулын ажлын тайлан болон техник, эдийн засгийн үнэлгээг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ. Техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс нь хойш 90 хоногийн дотор хэлэлцэж дуусгана.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.3 болон 24.4.2-т заасны дагуу ашигт малтмал ашиглах аливаа тусгай зөвшөөрөлд хамаарах талбайтай давхцаж буй талбайд ашигт малтмал хайх буюу ашиглах бусад тусгай зөвшөөрлийг олгохгүй.
3.4. Хөрөнгө оруулагч өөрийн эзэмшиж буй ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд заасан нөхцөлийн хүрээнд холбогдох хууль, дүрэм журмын дагуу Бүтээгдэхүүнд орохгүй аливаа метал, ашигт малтмал буюу бусад олборлож болох бүтээгдэхүүний олборлолт хийх эрхийг нь энэхүү Гэрээний аливаа заалт хязгаарлахгүй. Гэхдээ аливаа ийм үйл ажиллагаа нь энэхүү Гэрээний нөхцөлийг эдлэхгүй.
3.5. Энэхүү Гэрээний 1.10-т заасан техник, эдийн засгийн үндэслэл нь ил болон далд уурхайн ашиглалтын хугацаанд олборлох жил бүрийн үйлдвэрлэлийн тооцоот хэмжээг тусгана.
3.6. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
3.6.1. Хөрөнгө оруулагч нь жил бүр Төрийн захиргааны байгууллагад дараагийн 5 жилд Оюу толгойн ордын ил, далд уурхайгаас олборлож баяжуулахаар тооцсон агуулагдаж байгаа Бүтээгдэхүүнд шилжүүлсэн тоо хэмжээг заасан хүснэгтийг шинэчлэн хүргүүлнэ. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 9.7-д заасны дагуу хүргүүлэх хөрөнгө оруулалтын тайландаа уг хүснэгтийг багтааж болно.
3.6.2. Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.6.1-д тусгагдсан тухайн жилийн үйлдвэрлэлийн хэмжээг хамгийн сүүлийн байдлаар тооцоолсон хүснэгтэд зааснаас 20-иос дээш хувиар илүү хэмжээгээр агуулагдаж байгаа Бүтээгдэхүүнд шилжүүлсэн олборлолт хийхээр төлөвлөсөн бол геологи, уул уурхайн асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагад хандан заасан түвшнээс илүү хэмжээний олборлолт хийх зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл өгөхөөс шалтгаангүйгээр татгалзах буюу хойшлуулахгүй.
3.6.3. Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.6.1-д тусгагдсан үйлдвэрлэлийн хэмжээг тогтоосон хамгийн сүүлийн хүснэгтэд тусгасан тоо хэмжээнээс багагүй хүдэр олборлох, баяжуулахын төлөө боломжит хүчин чармайлт гаргах боловч аль нэг жилд агуулагдаж байгаа Бүтээгдэхүүнд шилжүүлсэн бодит хэмжээ нь Хөрөнгө оруулагчаас, эсхүл Засгийн газраас үл хамаарах шалтгааны улмаас өөр байж болно. Иймээс аль нэг жил үйлдвэрлэх Бүтээгдэхүүний бодит хэмжээг Хөрөнгө оруулагч өөрийн эрхийн хэмжээнд тодорхойлно.
3.7. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
3.7.1. Хөрөнгө оруулагч нь Санхүүжилтыг бүрдүүлж дууссан тухай мэдэгдлийг санхүүжилтыг бүрдүүлж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор Засгийн газарт хүргүүлнэ.
3.7.2. Хөрөнгө оруулагч нь Санхүүжилтыг бүрдүүлж дууссанаас хойш таван жилийн дотор Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
3.7.3. Энэхүү Гэрээний 3.7-д дурдсан Санхүүжилтыг бүрдүүлж дууссан хугацаа гэж дараахь нөхцөлүүдийн аль түрүүлж биелсэн хугацааг хэлнэ .
i) Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээний 1.10-т заасан Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу Оюу толгой Төслийг бүрэн барьж ашиглалтанд оруулахад хангалттай санхүүгийн эх үүсвэрийг хүлээн авахуйц нөхцөлөөр, түүний дотор баталгаа, барьцаа буюу бусад төрлийн дэмжлэг зэргийг оруулсан нөхцөлөөр баталгаажуулж (буюу бэлэн болгож), Засгийн газарт бичгээр мэдэгдсэн өдөр, эсхүл
ii) энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил өнгөрсөн бол.
3.8. Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улс болон олон улсын байгаль орчны норм дүрэм, стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт олборлолт, баяжуулалтын техник, технологийг ашиглах ба Үндсэн үйл ажиллагааг аль болох байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, өндөр үр ашигтайгаар явуулна.
3.9. Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно:
3.9.1. экспортод гаргасан бүтээгдэхүүний хувьд олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тооцох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлах;
3.9.2. дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэх;
3.9.3. дотоод буюу гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэх.
3.10. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээ байгуулагдах өдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.2-т заасны дагуу Гэрээт талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөх бөгөөд энэ заалтыг тогтвортой мөрдөнө.
3.11. Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд 15.00 ам.долларын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх бөгөөд энэ заалтыг тогтвортой мөрдөнө.
3.12. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу мэдээ, тайланг гаргаж хүргүүлнэ. Эдгээр мэдээ, тайланг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад монгол, англи хэл дээр хүргүүлнэ.
3.13. Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол хуульд заасан хугацааны дагуу Мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд бэлтгэл хугацаанд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.13.1. хаагдсан уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар Монгол Улсын болон олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу шаардлагатай арга хэмжээг бүрэн авах;
3.13.2. хаагдсан уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.13.3. тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, эсхүл Мэргэжлийн хяналтын албанаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг хаагдсан уурхайн талбайгаас гаргах.
3.14. Хөрөнгө оруулагч уурхай хаагдсан үед уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, Мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, багийн Засаг даргад хүлээлгэн өгөх бөгөөд шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулна.
3.15. Хөрөнгө оруулагч холбогдох хууль тогтоомж, журамд заасан журмын дагуу уурхайг хаах үед тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлын хөрөнгийг уурхайн хаалтын үед ашиглахаас бусдаар Хөрөнгө оруулагчийн хяналтын бус “эскроу” дансанд ашиглалт дуусахаас 7 жилийн өмнөөс эхлэн хуримтлуулах бөгөөд уг зардлыг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
3.16. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 5 жилийн дотор Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалыг боловсруулан метал болгох зэс хайлуулах үйлдвэрийг (цаашид “хайлуулах үйлдвэр” гэх) Монгол Улсад барих болон ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгаа, тайланг бэлтгэнэ. Үндсэн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэсэн Бүтээгдэхүүнийг боловсруулах зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барих ажлыг гуравдагч тал бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх хувилбаруудыг авч үзэхийг Хөрөнгө оруулагч зөвшөөрөх болно.
3.17. Зэс хайлуулах үйлдвэрийг Хөрөнгө оруулагч (дангаар эсхүл бусадтай хамтран) барих эсхүл гуравдагч тал барихад хэрэв Засгийн газар хүсэлт гаргавал Хөрөнгө оруулагч нь харилцан тохирсон нөхцөлөөр Рио Тинтогийн (эсхүл түүний хамааралтай этгээдийн) Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг флаш хайлуулах (өндөр хэм, даралттай зууханд баяжмалыг үлээж хайлуулах), флаш хувиргах (хүхрийг гүйцэд исэлдүүлэх) хэмээх боловсруулалтын технологийг (болон холбогдох техникийн дэмжлэгийг) илүү тааламжтай байдлаар ашиглуулах зорилгоор нийлүүлнэ.
3.18. Монгол Улсын дотоодод нэмүү өртөг бий болгохыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр ажиллуулж буй гуравдагч талд олон улсын үнэ болон стандартад үндэслэн харилцан тохиролцсон арилжааны нөхцөлөөр ашигт малтмалын баяжмалыг тэргүүн ээлжинд нийлүүлнэ.
3.19. Хэрэв Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад хайлуулах үйлдвэр ажиллуулбал Оюу толгой төслөөс үйлдвэрлэсэн алтыг Монголбанкинд олон улсын худалдааны үнэ, нөхцөлөөр худалдах саналыг тавина.
3.20. Хэрэв Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд зориулан хайлуулах үйлдвэр барих бол тухайн хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барина гэдгийг Засгийн газартай тохиролцов.
3.21. Хөрөнгө оруулагчийн санхүүгийн тайлан аль ч санхүүгийн жилдээ багтан гарснаас хойш аль болох ойрын хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий аудит ба нягтлан бодох бүртгэлийн компаниар санхүүгийн тухайн жил дэх Хөрөнгө оруулагчийн үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардалд аудит хийлгэнэ. Уг аудитийг энэхүү Гэрээний 9.7-д заасан аудитын хэсэг болгож, эсхүл хамтатгаж хийж болно.
4. БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ
4.1. Засгийн газар “Өмнийн говийн бүсийн хөгжлийн Зөвлөл” (цаашид “Зөвлөл” гэх) нэртэй хуулийн этгээдийг байгуулан үйл ажиллагааг нь удирдан чиглүүлнэ. Зөвлөлийг Засгийн газрын ахалсан хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл бүхий Төлөөлөн удирдах зөвлөл удирдана. Зөвлөлд Засгийн газар, орон нутгийн удирдах байгууллага, Өмнийн говийн бүс нутагт чиглэсэн үйл ажиллагаатай хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хандивлагч болоод олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг сонирхогч талуудын төлөөлөл орно.
4.2. Хөрөнгө оруулагч нь Удирдах Зөвлөлийн гишүүн байх бөгөөд Зөвлөл, түүний үйл ажиллагааг дэмжинэ.
4.3. Зөвлөл нь Өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлнэ. Үүнд орон нутгийн болон бүсийн хөгжил, хүн амын шилжин суурьшилтын удирдлагын ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, хот төлөвлөлт, хот байгуулалт, тухайлбал эрчим хүч, авто зам харилцаа, усан хангамж, дулаан, бохир усны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг орно. Түүнчлэн албан болон албан бус боловсрол, түүний дотор англи хэлний сургалт, тусгай мэргэжлийн сургалт явуулахад туслалцаа үзүүлэхийг чармайн ажиллана. Мөн хүн амын эрүүл мэндэд анхаарал хандуулах, малын өвчнийг анагаах, оношлогооны төв байгуулах, соёл урлагийн байгууламжууд, биеийн тамир, спортын байгууламжийг барихад туслалцаа дэмжлэг үзүүлэх, мөн орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн чадавхийг дэмжих зэрэг арга хэмжээ багтана.
4.4. Хөрөнгө оруулагч нь Өмнийн говийн бүсийн орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжиж, тэргүүлэн ажиллана. Хөрөнгө оруулагч энэ зорилгоор бизнесийн тогтвортой үр ашгийг Монголын ард түмэнд түүний дотор Өмнөговь аймагт хүртээхийн төлөө түншлэлийг хөгжүүлнэ.
4.5. Хөрөнгө оруулагч нь өөрийн орон нутгийн болоод бүс нутаг дахь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааг оролцооны зарчмаар хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтална. Хөрөнгө оруулагч нь нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа, нийгэм эдийн засгийн эрсдлийн шинжилгээ, урт хугацааны орон нутгийн төлөвлөгөө, орон нутгийн харилцааны удирдлагын систем, баримтлах бодлого, зарчим, уурхай хаах төлөвлөгөөг шаардлагатай үед боловсруулж, шинэчлэх ба дээрх ажлыг орон нутгийн оролцоотойгоор, олон улсын хамгийн сайн жишигт нийцүүлэн гүйцэтгэнэ.
4.6. Хөрөнгө оруулагч нь орон нутагтай харилцахдаа нийгэм, эдийн засаг болон байгаль орчны нөлөөллийн судалгаа, холбогдох бусад баримт бичигт Оюу толгой төслөөс шууд болон шууд бус хамааралтай гэсэн дүгнэлтэд хамрагдсан Өмнөговь аймгийн иргэд, бүлэг хүмүүст эн тэргүүн анхаарал хандуулан ажиллана. Энэ зорилгоор Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн олон нийт, сонирхогч талуудтай тогтмол хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.
4.7. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төслөөс шууд болон шууд бус хамааралтай нутгийн иргэдтэй хамтран орон нутгийн байгууллага, засаг захиргаатай оролцооны гэрээг байгуулна. Эдгээр гэрээнд орон нутгийн хөгжлийн болоод оролцооны сан байгуулах, орон нутгийн оролцооны хороо болоод орон нутгийн байгаль орчны хяналтын хороо бий болгох заалтыг тусгаж болно. Хөрөнгө оруулагч нь Гэрээт талбайд оршин суугаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон асуудлаар тухайн орон нутагтай зөвлөлдөх бөгөөд шууд хамаатай өрхүүдэд зохих нөхөн төлбөрийг төлнө .
4.8. Хөрөнгө оруулагч нь эн тэргүүнд Өмнийн говийн бүсийн иргэд ялангуяа, Өмнөговь аймгийн иргэдийг сургах, ажлын байраар хангах, ажиллуулахад анхаарна.
4.9. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх чиглэлтэй орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үйл ажиллагааг нь эхлүүлэх, эдгээр орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг Оюу толгой төслөөс бүрэн хамааралгүйгээр хөгжих боломж олгох зорилгоор өргөжүүлэх, үйл ажиллагааны чиглэлийг олшруулах, бизнесийг нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг дэмжинэ.
4.10. Хөрөнгө оруулагч нь ил тод, хариуцлагатай, харилцан итгэлцэх, бие биеийн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зарчим дээр үндэслэсэн үр ашигтай, ажил хэргийн харилцааг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, бүлэг хамт олон, сонирхогч бусад оролцогч талуудтай тогтоож ажиллана.
5. ГАЗРЫН ХАРИЛЦАА
5.1. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой зөвшөөрлүүдийг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмын дагуу авах бөгөөд Засгийн газар энэ талаар Хөрөнгө оруулагчийн гаргасан өргөдлийг биелүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Ялангуяа Оюу толгой төслийн хэрэгцээнд шаардлагатай төрийн өмчийн газар (тухайлбал авто зам, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байгууламж, эсхүл эрчим хүч дамжуулах шугам сүлжээ, усан хангамж, холбогдох барилга байгууламж болон төмөр зам эсхүл харилцаа холбооны байгууламж барих газрыг) ашиглуулахад Засгийн газар, Хөрөнгө оруулагчид боломжит бүхий л дэмжлэг үзүүлнэ.
5.2. Засгийн газар Гэрээт талбайд үл хамаарах газраас авч тусгай хэрэгцээ буюу олон нийтийн хэрэгцээг хангах боломжгүй тохиолдолд Газрын тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулагчаас Гэрээт талбайн газрыг буцаан авч болно. Хэрэв газрыг буцаан авсан бол Засгийн газар Оюу толгой төсөлд учрах хохирлыг багасгах талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль болон олон улсын эрх зүйн зарчмын үндсэн дээр тогтоосон зохих нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно.
5.3. Уурхайн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой бүх асуудлыг Газрын тухай хууль, газар ашиглах гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү Гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
5.4. Газар ашиглах гэрээг Хөрөнгө оруулагчийн үндэслэл бүхий хүсэлтийн дагуу тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь энэхүү Гэрээг байгуулах өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд зөвшөөрсөн дээд хугацаанаас хэтрэхгүй байна. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд газар ашиглах гэрээг энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд заасны дагуу сунгана. Газар ашиглах гэрээ дуусгавар болох, хүчингүй болох үед Хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байшин болон бусад барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэвээр байх ба тухайн орон нутгийн засаг захиргаа, эсхүл Мэргэжлийн хяналтын байгууллага үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх машин, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.
5.5. Газар ашигласны төлбөрийг Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу тогтооно. Хөрөнгө оруулагчийн төлсөн газар ашигласны төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
6. БАЙГАЛЬ ОРЧИН
6.1. Хөрөнгө оруулагч багайль орчныг хамгаалахтай холбоотой асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 болон 37 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг (цаашид “БОНБНҮТ” гэх) хөндлөнгийн, хараат бус, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээс өмнө Хөрөнгө оруулагч уг тайлантай танилцаж тайлбар гаргах эрхтэй. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар Монгол Улсад хуулийн хүчинтэй олон улсын гэрээ хэлэлцээрийг мөн биелүүлнэ.
6.2. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журмын дагуу холбогдох шаардлагатай зөвшөөрлүүдийг авна. Гэрээний 1.2 дугаар заалтыг хязгаарлахгүйгээр Оюу толгой төслийн хүрээнд байгаль орчны хууль, журмын дагуу шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг авахад Засгийн газар Хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлнэ.
6.3. Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төсөлтэй холбоотой байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө (цаашид “БОХТ” гэх) болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэхэд шаардагдах бүх зардлыг хариуцна. Хөрөнгө оруулагч нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд дурдсан арга хэмжээг хэрхэн биелүүлж байгаа тухай хараат бус, мэргэшсэн, эрх бүхий хөндлөнгийн шинжээчийн тайланг 3 жил тутам Засгийн газарт хүргүүлнэ. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон хөндлөнгийн шинжээчийн тайланг хүсэлтийн дагуу олон нийтэд хүртээмжтэй байлгана. Хөрөнгө оруулагч нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний талаар орон нутгийн иргэдийг хангалттай мэдээллээр хангах бөгөөд тухайн орон нутгийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй талаар тогтмол зөвлөлдөнө.
6.4. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бодит байдлаар биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн банкны дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.
6.5. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бодит байдлаар бүрэн хэрэгжүүлсэний дараа баталгаа болгож байршуулсан мөнгөн хөрөнгийг Хөрөнгө оруулагчид жил бүр буцаан төлнө.
6.6. Хэрэв Хөрөнгө оруулагч тухайн жилд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бодит байдлаар бүрэн биелүүлээгүй бол энэхүү Гэрээний 6.4-т заасан хөрөнгийг Хөрөнгө оруулагчаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бодит байдлаар бүрэн биелүүлээгүйтэй холбоотой байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэхэд зарцуулна.
6.7. Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаатайгаа холбоотой байгаль орчны шинжилгээ, мониторингийн иж бүрэн үнэлгээний хөтөлбөр , тайланг жил тутам Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөөр агаар, ус, хөрс, амьтан, ургамал болон газрын хэвлийд аливаа материаллаг сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол сөрөг нөлөөллийг арилгах боломжтой арга хэмжээг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.
6.8. Оюу толгой төслийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай, урьдчилан тааварлах боломжгүй, нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл, хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журамд тодорхойлсон хэмжээ, экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн Хөрөнгө оруулагч нөхөн төлнө. Нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилсон байгаль орчны хараат бус, шинжээчдийн багийн тодорхойлсноор тогтооно. Хөрөнгө оруулагч хохирлын хэмжээг тодорхойлоход шинжээчдийн багтай хамтран ажиллана.
6.9. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх, ашиглах, нөхөн сэргээх зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой үйл ажиллагааг явуулахад Хөрөнгө оруулагчийн олж илрүүлсэн усны эх үүсвэрийг (Ус ашиглах зөвшөөрөл бүхий усны эх үүсвэрүүдийг оролцуулан) ашиглах эрхийг Засгийн газар Хөрөнгө оруулагчид энэхүү Гэрээгээр олгож байгаа болно. Талууд доорхи зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:
6.9.1. Энэхүү Гэрээг байгуулсан өдөр өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн Оюу толгой төслийн усны хэрэгцээг хангахад хүрэлцээтэйг болон уг усны нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байхыг Усны хэрэг эрхлэх газар баталгаажуулж байна.
6.9.2. Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр илрүүлсэн усны нөөц нь өөрийн үйл ажиллагааны хэрэгцээнээс илүү гарах нөхцөлд Усны хэрэг эрхлэх газар Оюу толгой төслийн хангалттай хэрэгцээнээс илүү гарсан усны нөөцийн хэсгийг Усны тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулагчтай тохирох нөхцөлөөр бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглуулж болно. Хөрөнгө оруулагч тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх усны нөөцийн хэсэгт зарцуулсан хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлнэ.
6.9.3. Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр илрүүлсэн усны нөөцийг ахуйн зорилгоор түүний дотор тухайн сум орон нутаг, хүн ам, малчин өрхүүдэд ашиглуулна.
6.10. Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд тухай бүр заасан хувь хэмжээгээр тооцож, төсөвт төлнө. Гэхдээ эдгээр төлбөр болон Хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод, гадаадын бусад ус ашиглагчидтай адил байх бөгөөд зайлуулсан болон ашигласан усны хэмжээ чанарыг харгалзан үзнэ. Хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гүний усны төлбөрийг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
6.11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тогтоогдсоны дагуу Оюу толгой төслөөс шууд хамааралтай сумын төвүүдийг ундны цэвэр усаар хангах ажилд Хөрөнгө оруулагч нь Засгийн газрыг дэмжинэ.
6.12. Гэрээний 6.11-т заасныг харгалзан усны чанар нь ихээхэн хэлбэлзэж болох тул усыг дахин боловсруулах, цэвэршүүлэх болон ус дамжуулах байгууламж барихад Хөрөнгө оруулагч нь Засгийн газрыг дэмжинэ.
6.13. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг (Усны зөвшөөрлөөр баталсан усны эх үүсвэрүүдийг оролцуулан) Усны тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомж, журамд заасны дагуу байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Оюу толгой орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тул Ус ашиглах гэрээг Усны тухай хуулийн 23.2-т заасны дагуу 30 жилээр байгуулах бөгөөд гэрээг 20 жилийн хугацаагаар сунгаж болно.
6.14. Үндсэн үйл ажиллагааг явуулах бүхий л хугацаанд шаардагдах усны эх үүсвэр хангалттай байх нөхцөлийг хангахын тулд 6.9, 6.13-р заалтуудыг хязгаарлахгүйгээр Хөрөнгө оруулагч хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор Засгийн газар ус ашиглахад шаардлагатай бүх гэрээ болон бусад зөвшөөрлүүдийг олгоно.
6.15. Усны нөөцийн ашиглалттай холбоотойгоор Хөрөнгө оруулагч дараахь үүргүүдийг хүлээнэ. Үүнд:
6.15.1. Усны тухай хуулийн 24 дүгээр зүйл, ус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан ус ашиглахад тавигдах нөхцөл, шаардлагуудыг бүхий л талаар хангаж ажиллана. Хөрөнгө оруулагч уг нөхцөл, шаардлагуудыг хэрхэн биелүүлж байгааг 5 жил тутамд нэг удаа, тухайн жил дууссанаас хойш 3 сарын дотор хараат бус, эрх бүхий, мэргэжлийн байгууллагаар хянуулах бөгөөд тухайн байгууллагын шалгалтын үр дүнгийн хураангуйг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
6.15.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны эх үүсвэрийн хүрээнд энэхүү Гэрээ байгуулагдах үед хэрэглэгдэж байгаа ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны хэмжээ, чанарыг бууруулахгүйгээр одоогийн хэмжээнд байлгана;
6.16. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох бууруулах, усны нөөцийг зохистой ашиглах, боломжтой бол усыг дахин ашиглах зорилгоор ижил төрлийн уурхайн үйл ажиллагаанд ашигласан орчин үеийн арга, технологийг нэвтрүүлнэ.
6.17. Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хаах үед Үндсэн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгаж нөхөн сэргээлтийг Монгол Улс болон олон улсын стандарт, нормын дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ.
7. ДЭД БҮТЭЦ
7.1. Энэхүү Гэрээний 7.2-д заасан Хөрөнгө оруулагчийн эрхийг харгалзан Оюу толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар харилцан итгэлцлийн үндсэн дээр нээлттэй хамтран ажиллана.
7.2. Найдвартай эрчим хүчний хангамж нь Оюу толгой төслийн барилга бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэхэд нэн чухал болохыг Талууд тэмдэглэн, Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд дараахь эрхтэй байна. Үүнд :
7.2.1. 7.3-р заалтыг харгалзан Оюу толгой төсөлд шаардлагатай эрчим хүчний бүхий л хэрэгцээг дотоодоос эсхүл гадаадаас хангах зорилгоор цахилгаан дамжуулах дэд бүтцийг (барилгын ажил гүйцэтгэх хугацаанд Оюу толгой ордоос Монгол-Хятадын хил хүртэлх 220 киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам барих ажил үүнд орно) барих;
7.2.2. Хөрөнгө оруулагч нь, Оюу толгой төслийн богино болон урт хугацааны эрчим хүчний хэрэгцээг хангахад Монгол Улсын нутаг дэвсгэр дээрхи хамгийн тохиромжтой байршилд цахилгаан үйлдвэрлэх барилга, байгууламжийг барих, ажиллуулах (эсхүл Хамааралтай этгээд, Гэрээт гүйцэтгэгч эсхүл Туслан гүйцэтгэгчээр бариулах болон ажиллуулах), уг цахилгаан үйлдвэрлэх байгууламжид ашиглах нүүрсний эх үүсвэрийг тогтоох.
7.3. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
7.3.1. Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дараахь нэг болон түүнээс дээш хувилбараас сонгон хангаж эхэлнэ:
I. Хөрөнгө оруулагчийн барьж, санхүүжүүлсэн нүүрсээр ажиллах цахилгаан станц
II. Гуравдагч этгээдийн барьж, санхүүжүүлсэн нүүрсээр ажиллах цахилгаан станц
III. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ
Сонгосон эрчим хүчний эх үүсвэр нь өрсөлдөх чадвартай болон арилжааны үнэтэй байх ёстой бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг үл ялгаварлах үндсэн дээр тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлэх боломжтой байна. Түүнчлэн Хөрөнгө оруулагч нь салхи, нар, газрын гүний болон бусад төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, ашиглах эрхээр хангагдана.
7.3.2. Хөрөнгө оруулагч нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай бүх зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомж, журамд заасны дагуу авна;
7.3.3. энэхүү Гэрээний 1.2-д заасан заалтыг хязгаарлахгүйгээр, Засгийн газар нь мөн Гэрээний 7.3.1 дүгээр заалтыг биелүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид олгох арга хэмжээ авна. Эдгээр зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмаар зөвшөөрсөн хамгийн дээд хугацаагаар, мөн энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд хамгийн дээд хугацаагаар сунгагдах нөхцөлтэйгээр олгоно.
7.4. Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдана. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамжийг Хөрөнгө оруулагчийн татвар ногдуулах орлогоос хасч тооцно.
7.5. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
7.5.1. эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг барихтай холбоотой Хөрөнгө оруулагчийн төлөх бусад төлбөр, хураамж нь Эрчим хүчний тухай хууль болон хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдана (ийм төлбөр хураамжийг тогтворжуулаагүй бөгөөд ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд тулгуурлана). Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны зардлын хүрээнд төлсөн эрчим хүч, тээврийн болон бусад дэд бүтцийг ашиглахтай холбогдолтой төлбөр, хураамж нь Хөрөнгө оруулагчийн татвар ногдуулах нийт орлогоос хасагдах зардалд тооцогдоно.
7.5.2. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг цахилгаан эрчим хүчээр хангах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр, хураамжийг ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд тулгуурлан тогтооно.
7.6. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов. Үүнд:
7.6.1. Хөрөнгө оруулагч нь улсын болон орон нутгийн чанартай авто зам (Авто замын тухай хуульд тодорхойлсоны дагуу), дамжуулах хоолой болон бусад тээврийн байгууламжийг (төмөр замыг оруулахгүйгээр) барьж байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөх бөгөөд Монгол Улсын авто зам, тээврийн нэгдсэн сүлжээ болон хөгжлийн стратегитэй нягт уялдуулах талаар хүчин чармайлт гаргана;
7.6.2. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд, гэрээт гүйцэтгэгч, эсхүл туслан гүйцэтгэгч болон түүний өмнөөс Оюу толгой төсөлтэй холбоотойгоор санхүүжүүлсэн, эсхүл барьсан бүх авто зам, дамжуулах хоолой болон бусад тээврийн дэд бүтцийн байгууламж (төмөр замыг оруулахгүйгээр) нь Оюу толгой төслийн тусгайлсан зорилгыг хангахуйц стандартаар барьсан байхыг Засгийн газар зөвшөөрч байна.
7.7. Хөрөнгө оруулагч нь өөрийн барьж байгуулсан тодорхой дэд бүтцийн байгууламж, үйлчилгээг (цаашид “Нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон үйлчилгээ” гэх) Оюу толгой төслийн үйл ажиллагаанд саад учруулаагүй нөхцөлд олон нийт, Засгийн газар болон гуравдагч этгээдэд ашиглуулж болно. Нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон үйлчилгээнд жишээ нь авто зам, цахилгаан эрчим хүч, усан хангамж/дулааны сүлжээ, усны татуургын байгууламж, хот, суурин газрын төлөвлөлт, сургууль, эмнэлэг, албан болон албан бус сургалт, боловсролын байгууллага, нисэх буудал, авто зам, нийтийн соёл, үйлчилгээний төв болон орон нутгийн засаг захиргааны барилга зэрэг орно.
7.8. 7.7-д зааснаас гадна Хөрөнгө оруулагч үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай олон нийтэд зориулагдсан нийтийн хэрэглээний дэд бүтэц/үйлчилгээний өмчлөл, удирдлагыг гэрээний үндсэн дээр орон нутагт нь шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлэх нь Оюу толгой төслийн дэд бүтэц/үйлчилгээг авах боломжид хязгаар тавих буюу сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд Оюу толгой төслийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байна.
7.9. Хөрөнгө оруулагч нь нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон
үйлчилгээг ашиглаж буй иргэн, байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гарсан зардлыг нөхөн авч болно. 7.7-р заалтын дагуу нийтийн хэрэглээний дэд бүтэц/үйлчилгээг хэрэглэх эрхтэй орон нутгийн иргэд хувь хүмүүс ийнхүү хэрэглэхдээ Хөрөнгө оруулагчтай хэрэглэгчийн гэрээ байгуулах шаардлагагүй. Нийтийн хэрэглээний дэд бүтэц/ үйлчилгээг хэрэглэх бусад бүх хэрэглэгчид Хөрөнгө оруулагчтай ашиглалтын гэрээ байгуулан ашиглана.
7.10. Энэхүү Гэрээний 1.2-т зааснаас гадна Засгийн газар нь Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу Оюу толгой төслийн тээврийн дэд бүтэцтэй хамааралтай зөвшөөрлийг хуулийн дагуу олгоно. Хөрөнгө оруулагчийн төлсөн тээвэрлэлттэй холбоотой төлбөр, хураамжийг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
7.11. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд, гэрээт болон туслан гүйцэтгэгч нь Оюу толгойн Гэрээт талбайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлхи авто замыг дараахь нөхцөлийн дагуу тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулан барьж болно:
7.11.1. тус авто замын маршрутын талаар Засгийн газартай тохиролцох бөгөөд ямар ч тохиолдолд аль болох өртөг зардлын хувьд үр дүнтэй, Оюу толгой төслийн Гэрээт талбайгаас Гашуун сухайтын хилийн боомтын хооронд хамгийн шулуун маршрут байх;
7.11.2. Хөрөнгө оруулагч авто замын барилгын ажлын зардлыг санхүүжүүлэх бөгөөд энэ зардлыг Хөрөнгө оруулагчийн татвар ногдох жилийн орлогоос хасч тооцно;
7.11.3. Авто замын засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэх үүргийг Засгийн газар хариуцах бөгөөд Хөрөнгө оруулагч, гэрээт гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нараас бусад этгээдээс зам ашигласны төлбөрийг хураана. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөрөнгө оруулагч авто замын ашиглалт, засвар, үйлчилгээний талаар гэрээ байгуулах ба авто замын засвар, үйлчилгээг Хөрөнгө оруулагчийн зардлаар түүнтэй гэрээлэн гүйцэтгүүлнэ.
7.11.4. Хөрөнгө оруулагч (түүний хамааралтай этгээд, тэдгээрийн гэрээт эсхүл туслан гүйцэтгэгч) нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд авто зам ашигласны бүхий л төлбөр хураамжаас чөлөөлөгдөнө;
7.11.5. Энэ зам нь олон улсын чанартай зам болохыг харгалзан түүнийг аливаа хэлбэрээр ашиглахтай холбогдон гарах асуудлаар Хөрөнгө оруулагч хуулийн хариуцлага хүлээхгүй.
7.12. Хөрөнгө оруулагч эсхүл түүний хамааралтай этгээд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд олгогдсон зөвшөөрлийн дагуу Оюу толгой төсөлтэй холбогдуулан аэродром байгуулж, ашиглаж болно. Нисэх буудал нь нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.
7.13. Засгийн газар энэхүү Гэрээг байгуулсан өдөр Оюу толгой төсөлтэй холбоотойгоор Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчид ашиглах боломжтой аливаа дэд бүтцийн байгууламжийг барихаар төлөвлөсөн, барьсан, өмчилж байгаа буюу ашиглах болмжтой бол тухайн дэд бүтцийн байгууламжийн байршил болон хүчин чадлын талаар Хөрөнгө оруулагчтай зөвлөлдөнө.
7.14. Засгийн газар энэхүү Гэрээний 7.13-т заасан дэд бүтцийн аливаа байгууламжийг Хөрөнгө оруулагчид онцгой эрхээр ашиглуулах үүрэг хүлээхгүйг Хөрөнгө оруулагч зөвшөөрч байна. Засгийн газар тухайн байгууламжийг Хөрөнгө оруулагчид арилжааны боломжит нөхцөлөөр ашиглуулахаар шийдэж болно.
7.15. Энэхүү Гэрээний 7.13-т зааснаас гадна Засгийн газар нь Оюу толгой төслийн Гэрээт талбайн орчмоос Монгол-Хятадын хил хүртэл төмөр зам барих, ашиглах буюу гуравдагч этгээдэд барих, ашиглах зөвшөөрөл олгож болох бөгөөд Хөрөнгө оруулагч эсхүл түүний хамааралтай этгээд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчид өрсөлдөхүйц, боломжит арилжааны нөхцөлөөр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмаар Оюу толгой төслийн холбогдолтойгоор ашиглуулах буюу холбогдох гуравдагч талын өмчлөгч буюу удирдлагатай хэлэлцэж, ашиглах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
7.16. Засгийн газар төмөр замыг барих байршил, чиглэлийн талаар Хөрөнгө оруулагчтай зөвлөлдөх бөгөөд Хөрөнгө оруулагчийн санал болгосон төмөр замын чиглэл, байршлыг аль болох харгалзан үзнэ.
8. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН СУРГАЛТ
8.1. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүд нь Монгол Улсын ажиллах хүчний харилцаа, хөдөлмөр хамгаалалт, нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомж, журмыг даган мөрдөнө. Цалин хөлс олгохдоо Хөрөнгө оруулагч нь ижил ажлын төлөө ижил хэмжээний цалин хөлс олгох зарчмыг баримтална.
8.2. Энэхүү Гэрээ хүчинтэй байх хугацаанд Оюу толгой төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардагдах хэмжээний чадварлаг ажиллах хүчээр хангахын төлөө Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүд болон Засгийн газар хамтран ажиллана.
8.3. Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон харъяалалгүй иргэд нь холбогдох хуульд заасны дагуу нийгмийн даатгалд заавал хамрагдана.
8.4. Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасны дагуу Хөрөнгө оруулагч нь нийт ажиллагсдынхаа 90-ээс доошгүй хувьд нь Монгол улсын иргэдийг авч ажиллуулна.
8.5. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу батлагдсан Засгийн газрын Тогтоолын дагуу Хөрөнгө оруулагч түүнтэй гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээр дараахь нөхцөлийг хангуулах талаар хүчин чармайлт гарган ажиллана. Үүнд:
8.5.1. барилгын ажил гүйцэтгэх болон өргөтгөлийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэхээр Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд нийт ажиллагсдынхаа 60-аас доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна.
8.5.2. уурхайн болон уул уурхайн холбогдолтой ажил гүйцэтгэхээр бол ажиллагсадынхаа 75-аас доошгүй хувьд Монгол иргэдийг авч ажиллуулна.
8.6. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов.Үүнд:
8.6.1. энэхүү Гэрээний 8.4-д заасан хувь хэмжээний дотор гадаадын иргэнийг ажлын байр, орлого олох ажил үйлчилгээгээр хангах бол Хөрөнгө оруулагч нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр гадаадын иргэн бүрээр тооцож хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө.
8.6.2. гадаад ажиллагсадын тоо энэхүү Гэрээний 8.4-д зааснаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар тутам Хөрөнгө оруулагч төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 43.3 –т заасны дагуу холбогдох сум буюу дүүргийн төсөвт төлбөрийг хийсний дараа Хөрөнгө оруулагч болон холбогдох сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хооронд зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү төлбөрийн тодорхой хэсгийг Монгол улсын иргэдийг сургах, ур чадварыг нь дээшлүүлэх эсвэл шинээр ур чадвар эзэмшүүлэхийн тулд Гэрээний 8.9-д заасан Оюу толгой төслийн Сургалтын стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан зарцуулж болно.
8.6.3. Оюу толгой төслийг барьж байгуулахад Монгол улсад мэргэжилтэй ажиллах хүчин дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр энэхүү Гэрээний 8.4-т заасан ажиллах хүчний квотыг зөрчсөн тохиолдолд 10.7-р заалтыг хэрэглэх зорилгоор энэхүү гэрээг зөрчсөнд тооцохгүй.
8.7. Энэхүү Гэрээний 1.2-т зааснаас гадна Оюу толгой төсөлд гадаадын иргэдийг ажиллуулахад шаардагдах бүхий л зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, хурдасгахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ.
8.8. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд ажиллах Монгол Улсын иргэн инженер-техникийн ажилчдын тоог өрсөлдөөний зарчмаар аль болох нэмэгдүүлэх чармайлт гаргана. Тухайлбал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 жилийн дотор инженер-техникийн ажилтнуудын 50 –иас багагүй, 10 жилийн дотор 70–аас багагүй хувь нь Монгол Улсын иргэд байх талаар бүхий л арга хэмжээг авна.
8.9. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд ажиллах Монгол ажилчдыг сургах 5 жилийн дэлгэрэнгүй, иж бүрэн сургалтын стратеги болон төлөвлөгөөг (цаашид “Оюу толгой төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөө” гэх) Засгийн газарт хүргүүлэн олон нийтэд танилцуулна.
8.10. Оюу толгой Төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөө нь Монгол Улсын уул уурхайн салбар, нэн ялангуяа Говийн өмнөд бүс нутаг болон Оюу толгой төсөлд шаардлагатай боловсон хүчин, техникийн, мэргэжлийн, нарийн мэргэшлийн мэдлэг ур чадварыг олгоход чиглэнэ.
8.11. Хөрөнгө оруулагч нь жил бүрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь ажлыг тусгана. Үүнд:
8.11.1. Үндсэн үйл ажиллагааны хүрээнд сургалт зохион байгуулж, ажилчдын ур чадварыг дээшлүүлж дадлагажуулах;
8.11.2. ажилчдыг Хөрөнгө оруулагчийн ойрын болон дунд хугацааны хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу сургах;
8.11.3. өөрсдийн сонгосон ажилчдын мэргэшлийн түвшинг ахиулахын тулд Монгол Улсад болон гадаад улсад гэрээгээр сургалтад хамруулах.
8.12. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг уул уурхайн салбарын мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт зориулан оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд 6 жилийн туршид дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй 150 оюутанд тэтгэлэг олгох ба эдгээрээс 30 оюутныг гадаад улсад сургахад зориулж, үлдсэн хэсгийг Монгол Улсын их, дээд сургуульд сургахад олгоно. Тэтгэлэг нь сургалтын болон амьжиргааны зардлаас бүрдэнэ. Тэтгэлэг авсан оюутнууд нь Оюу Толгой төсөл эсхүл олон улсын тохиромжтой уурхайд ажиллах, дадлагажих боломжоор хангагдана.
8.13. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журамд нийцүүлэн Оюу толгой төслийн эрүүл ахуй, аюулгүй үйл ажиллагааны систем, дүрэм журмыг боловсруулан баталж, дагаж мөрдөнө. Хөрөнгө оруулагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн бүх шаардлагууд, түүний дотор хамтын хэлэлцээрийн заалтуудын шаардлагыг хэрэгжүүлнэ.
8.14. Оюу толгой төслийн ажилчдыг олон улсын стандартын түвшинд бэлтгэх боломжийг хангах үүднээс Засгийн газар нь сонгосон дотоодын их дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийг олон улсын уул уурхайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр хангахтай холбогдсон зөвшөөрлийг олгоно. Сургалтын олон улсын хөтөлбөрийг Гэрээг хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын дотор баталж хэрэгжүүлнэ.
9. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
9.1. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөнө.
9.2. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10 дугаар зүйлүүд нь Хөрөнгө оруулагч, эсхүл түүний хамааралтай этгээдийн Монгол Улсад түүний дотор Оюу Толгой төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бүх хөрөнгө оруулалтад хамаарна.
9.3. Хөрөнгө оруулагч нь өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.
9.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад улсын банкинд данс нээж сонгосон валютаараа чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийх эрхтэй. Энэхүү Гэрээний 9.10.5-ын дагуу хөрөнгө оруулагчийн эдлэх эрхийг хязгаарлахгүйгээр Монгол Улсын дотоодод бараа үйлчилгээний төлбөрийг Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ.
9.5. Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн санхүүгийн чадамжаар бүрдсэн хувь нийлүүлэгчийн одоогийн зээлээр Оюу толгой төслийн хайгуул болон бүтээн байгуулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болно. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.5-д заасан техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын хуваарийг техник эдийн засгийн үндэслэлд тусгасан болно.
9.6. Зах зээлийн болон санхүүжилтын (үүнд Оюу толгой төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийн олдоц болон нөхцөл хамаарна) нөхцөл байдлыг харгалзан үзэж, техник эдийн засгийн үндэслэлд заасны дагуу Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэснээр Оюу толгой төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж болно. Хэрэв Хөрөнгө оруулагч Оюу толгой төслийг хэрэгжүүлэх төлөвлөсөн дараалалдаа томоохон өөрчлөлт хийх бол энэ тухайгаа геологи уул уурхайн асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
9.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хуанлийн жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан баталсан маягтын дагуу гаргаж Төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Энэхүү тайланг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээс өмнө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг сонирхолын зөрчилгүй (мэргэжлийн дүрмийн дагуу) нягтлан бодох бүртгэл, аудитын компаниар уг тайланд Хөрөнгө оруулагч аудит хийлгэсэн байна.
9.8. Хөрөнгө оруулагч нь бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх эрхтэй.
9.9. Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт дэмжлэг тусламж үзүүлэх, ажлын байр, бизнесийн боломжийг шинээр бий болгоход бололцоотой дэмжлэг үзүүлнэ.
9.10. Хөрөнгө оруулагч нь дараахь эрхийг эдлэнэ:
9.10.1. Үндсэн үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах нийт хөрөнгийг хөрвөх чадвартай гадаад валютаар чөлөөтэй хангах, шаардлагатай гэж үзвэл тухайн гадаад валютыг төгрөгт шилжүүлэх;
9.10.2. гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй зарцуулах;
9.10.3. бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогын өөрт ноогдох хувиа гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах;
9.10.4. бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос Монгол Улсад олсон бүх орлогоо (үүнд ногдол ашиг болон бусад төрлийн хуваарилалт орно) гадаад улс руу чөлөөтэй шилжүүлэх болон чөлөөтэй зарцуулах;
9.10.5. гадаадад буй өөрийн гэрээт гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болон Монгол Улсын иргэн ажиллагсдад гадаад валютаар төлбөр хийх;
9.10.6. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг өөрийн сонгосон арилжааны банкинд төгрөгийн бус тусгай данс нээж болно (энэ нь заавал гүйцэтгэх үүрэг болохгүй) .
10. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЭРДЭС БАЯЛГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДЫН ЭРХ, ҮҮРЭГ
10.1. Засгийн газар Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах татварын орчныг энэхүү Гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх үүргийг хүлээнэ.
10.2. Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсны дараа Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Сайд уг Гэрээний нөхцөл болон хугацааны тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.
10.3. Засгийн газар Хөрөнгө оруулагч эсхүл түүний хамааралтай этгээд, тэдгээрийн гэрээт эсхүл туслан гүйцэтгэгчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх болон оюуны өмчийн эрхийг хууль бусаар хураан авахгүй.
10.4. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага буюу аливаа зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь энэхүү Гэрээ болон Монгол Улсын бусад хууль тогтоомж, журмын дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй аливаа зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгох буюу цуцлахгүй.
10.5. Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага Хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцлах эрхтэй.
10.5.1. Үүнд:
i) хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд эзэмшээгүй бол;
ii) ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээний 3.11-т заасан тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөөгүй бол;
iii) Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээг зарцуулаагүй тохиолдолд;
10.5.2. хайгуулын болон уурхайн талбайг тусгай хэрэгцээнд (Ашигт малтмалын тухай хуульд тодорхойлсоны дагуу) буцаан авч нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн ; эсхүл
10.5.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нутгийн захиргааны байгууллагаас гаргасан саналыг харгалзан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол.
10.6. Хөрөнгө оруулагчийн хүсэлтээр Засгийн газар Гашуун сухайтын хилийн боомтыг олон улсын боомт болгох, түүнийг Монголын талаас тасралтгүй байнгын ажиллагаатай болгох талаар бололцоотой арга хэмжээг авна.
10.7. Хөрөнгө оруулагч давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар энэхүү Гэрээний дагуу хүлээсэн аливаа үндсэн болон ихээхэн ач холбогдолтой үүргээ биелүүлэлгүй 6 сарын хугацаа өнгөрсөн, эсхүл Монгол Улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчсөн бол Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Сайд үүргээ биелүүлэх, гарсан зөрчлийг засах тухай мэдэгдлийг (Мэдэгдэл) Хөрөнгө оруулагчид бичгээр өгнө. Хөрөнгө оруулагч нь мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 60 хоногийн дотор түүнд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Засгийн газар энэхүү Гэрээг цуцлах эрхтэй. Энэхүү Гэрээтэй холбогдсон асуудлаар Талууд маргалдаж байх үед Гэрээний 10.7-д заасан мэдэгдлийг өгөхгүй.
10.8. Засгийн газар нь энэхүү Гэрээг хэрэгжүүлэх, Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж, энэхүү Гэрээнд заасан хамтын зорилгод хүрэхийн тулд өөрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
10.9. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний дагуу болон түүнтэй холбогдуулан Засгийн газар болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хандан аливаа зөвшөөрөл хүссэн бол уг хүсэлтийг хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, эсхүл хойшлуулахгүй.
10.10. Талууд дараахь зүйлсийн талаар харилцан тохиров. Үүнд:
10.10.1. Энэ 10.10-т заасан дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
i) “Гадаад орны Засгийн газрын байгууллага” гэж Монгол Улсаас бусад аливаа улсын Засгийн газар, түүний салбар,нэгж, удирдах газар, агентлаг, бүтэц, засгийн газрын эрх үүргийг хүлээх бусад байгууллагууд, улс төрийн байгууллагын салбар нэгж зэрэг этгээдийг хэлнэ;
ii) “Хяналтын багцыг шилжүүлэхийг хязгаарлах” гэж хязгаарлалт бүхий этгээд Айвенхоу Майнз Лимитед эсхүл Хөрөнгө оруулагчийн хяналтыг шууд буюу шууд бусаар авахыг хэлнэ;
iii) “Хязгаарлалт бүхий этгээд” гэж:
A) гадаад орны Засгийн газрын байгууллагаас шууд буюу шууд бусаар хамааралтай этгээдийг хэлнэ, эсхүл
B) гадаад орны Засгийн газрын байгууллагатай өр зээлийн харилцаа үүссэний улмаас стратеги, бодлого болон бизнесийн шийдвэр гаргахдаа гадаад орны Засгийн газрын байгууллагаас удирдамж авах этгээдийг хэлэх бөгөөд
Рио Тинто группийн ямар ч гишүүнийг хязгаарлалт бүхий этгээд гэж үзэхгүй.
“Этгээд” гэж хязгаарлагдмал болон нээлттэй хариуцлагатай компани, хязгаарлагдмал болон нээлттэй хариуцлагатай түншлэл, бүртгүүлээгүй холбоо, бүртгүүлээгүй синдикат, бүртгүүлээгүй байгуулага, бүртгүүлсэн байгууллага, хамтарсан үйлдвэр, нэгдэл зэргийг хэлнэ.
10.10.2 Хэрэв хяналтын багцыг шилжүүлэхийг хязгаарласан үйлдлийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хийсэн бол энэхүү Гэрээгээр тогтворжуулсан заалтуудыг Засгийн газартай дахин хэлэлцээ хийж тохиролцох боловч ийнхүү хэлэлцээ хийх нь энэхүү Гэрээний 2.22, 2.3, 2.4, 16.14, 16.20 болон 16.21–ын заалтуудын дагуу Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийг хөндөхгүй. (Тэгэхдээ 2.22 болон 2.4-д заасан нөхцөлийг Хөрөнгө оруулагч үргэлжлүүлэн эдлэхийн тулд хяналтын багцыг шилжүүлэхийг хязгаарласан үйлдэл гарах үед Рио Тинто групп Оюу толгой төслийн үйл ажиллагааны болон удирдлагын үйлчилгээг хэрэгжүүлэн хариуцаж байна.)
11. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ
11.1. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдийн Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнтэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ.
11.2. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдийн үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг гагцхүү Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр хуульд заасан журмыг баримтлан Засгийн газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр нийтийн ашиг сонирхлын үүднээс дайчлан гаргахаас бусад нөхцөлд дайчлахгүй.
11.3. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрийн яг өмнөх үеийн үнэлгээгээр тодорхойлж, нөхөн төлбөрийг саадгүй шуурхай, эргэлтгүйгээр төлнө.
11.4. Монгол Улсын Засгийн газар нь Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүдэд оруулсан хөрөнгөө өмчлөх эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.
12. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
12.1. Энэхүү Гэрээ нь дараахь нөхцөлд дуусгавар болно:
12.1.1. энэхүү Гэрээний хугацаа дуусч, Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 16.8-д заасны дагуу Гэрээг сунгуулахгүй байхаар шийдсэн бол;
12.1.2. Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү Гэрээний эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд Засгийн газар Хөрөнгө оруулагчид энэхүү Гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн бол;
12.1.3. Хөрөнгө оруулагч Гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу талууд харилцан тохиролцсон бол;
12.1.4. эрх бүхий этгээд Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг дампуурсан гэдэг үндэслэлээр зогсоосон бөгөөд Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр өгснөөс хойш ажлын 120 хоногийн дотор Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа сэргээгээгүй бол;
12.1.5. Энэхүү Гэрээний 10.7-д заасны дагуу Засгийн газар энэхүү Гэрээг цуцалсан бол;
12.1.6. Хөрөнгө оруулагчийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15 дугаар зүйлийг зөрчин уг зүйлд зөвшөөрснөөс өөр хэлбэрээр шилжүүлсэн бөгөөд энэ 12.1.6-ийн дагуу Засгийн газраас Хөрөнгө оруулагчид зөрчлөө засах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш 3 сарын дотор зөрчлөө засаагүй бол.
12.1.7. Хэрэв хөрөнгө оруулагч Хувь нийлүүлэгчдийн гэрээний 3-р заалтын дагуу Дуусгавар болгох өдрөөс өмнө буюу тухайн өдөр хувьцааг шилжүүлээгүй бол
12.2. Гэрээ дуусгавар болох, эсхүл энэхүү Гэрээний хугацаа дуусах нь Засгийн газраас Хөрөнгө оруулагчид олгосон 6709А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, ашигт малтмал ашиглах бусад тусгай зөвшөөрөл, эсхүл аливаа бусад зөвшөөрлүүд, түүнчлэн Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.
13. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
13.1. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, эсхүл хэсгийг нь биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг аль ч тал хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэхийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд энэ хүчин зүйл үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон Тал нь нөгөө Талдаа энэ тухай болон түүний шалтгаанаа аль болох хурдан бичгээр мэдэгдэх бөгөөд Талууд боломжтой бүхий арга хэмжээг авахыг чармайхын зэрэгцээ харилцан тохиролцож, шалтгааныг арилгахын төлөө хамтран ажиллана. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт энэхүү Гэрээнд заасан нөхцөл байдлыг ойлгоно.
13.2. Хөрөнгө оруулагч нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан тохиолдолд тухайн давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг арилгахад шаардлагатай боломжтой хугацаан дээр ийнхүү хойшлогдсон үйл ажиллагааг сэргээхэд шаардагдах хугацааг нэмж, тухайн үйл ажиллагааг явуулахад энэхүү Гэрээгээр буюу бусад хэлбэрээр заасан хугацаан дээр нэмэхийн зэрэгцээ энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд мөн нэмж тооцно.
14. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
14.1. Энэхүү Гэрээнээс үүдэн буюу түүнтэй холбогдон Талуудын хооронд үүссэн аливаа маргааныг юуны өмнө сайн санааны үүднээс хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ. Хэрэв хэлэлцээ хийхээр аль нэг талаас хүсэлт тавьснаас хойш ажлын 60 хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй, эсхүл энэ хугацааг өөрөөр тохироогүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
14.2. Энэхүү Гэрээний 14.1-т зааснаас гадна энэхүү Гэрээнээс үүдэн эсхүл түүнтэй холбогдон гарсан маргааныг уг маргаан гарсан өдөр мөрдөж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссийн Арбитрын Дүрэм (НҮБОУХЭЗК Дүрэм)-ээр тодорхойлсон журмын дагуу шийдвэрлэнэ. Арбитрийн шийдвэрийг заавал биелүүлнэ. Арбитрын үйл ажиллагаа дараахь журмаар явагдана:
14.2.1. 3 арбитрчийн бүрэлдэхүүнтэй байх;
14.2.2. арбитрчдийг НҮБОУХЭЗК-ийн Дүрмийн 7,8 дугаар зүйлд заасны дагуу томилох;
14.2.3. арбитрын үйл ажиллагаа Англи хэл дээр явагдах;
14.2.4. арбитрын шүүгчид Хөрөнгө оруулалтын Гэрээг тайлбарлахдаа Монгол Улсын хуулийг хэрэглэх;
14.2.5. арбитрын ажиллагааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод явуулах;
14.2.6. арбитрын ажиллагааг НҮБОУХЭЗК-ийн дүрмийн дагуу Лондонгийн Олон улсын арбитрын Шүүх удирдан явуулна.
14.3. Арбитрын шийдвэр нь эцсийн байх бөгөөд уг шийдвэрийг Талууд заавал биелүүлнэ. Шийдвэрийг эрх бүхий аливаа шүүхийн үйлчлэлээр хэрэгжүүлж болно. Засгийн газар арбитрын шийдвэрийг бүрэн дагаж мөрдөх болон хэрэгжүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг биелүүлэхээс аливаа хэлбэрээр зайлсхийхгүй байна.
14.4. Гэрээний 14-т заасан маргаан шийдвэрлэх энэ журам нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байсан хугацаанд гарсан, эсхүл Гэрээ дуусгавар болсоны дараа энэхүү Гэрээнээс үүдэн эсхүл түүнтэй холбоотойгоор Талуудын хоорондын гарсан аливаа маргаанд мөн хамаарна.
15. ЭРХ ҮҮРЭГ ШИЛЖҮҮЛЭХ
15.1. Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрсний дагуу энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй.
15.2. Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь аль нэг талын энэхүү Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргийг өөрчлөх ба нэмэгдүүлэхгүй.
16. БУСАД ЗҮЙЛ
16.1. Энэхүү Гэрээ нь Хөрөнгө оруулагч Засгийн газрын холбогдох бусад байгууллагатай Оюу толгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулахад саад болохгүй.
16.2. Хөрөнгө оруулагч нь 6708A, 6710A тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбай болон энэхүү Гэрээний 16.3-т заасны дагуу Хөрөнгө оруулагчаас нэрлэж санал болгосон аливаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл буюу бусад эдэлбэр (эдэлбэр газрыг оролцуулан) бүхий талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон Үндсэн үйл ажиллагааны хэсэг болох ашигт малтмалыг олборлож, боловсруулах үйл ажиллагааг явуулах эрхтэй болно. Тэдгээрийн нөөцийг нь улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь Төрийн захиргааны байгууллагад мөрдөгдөж буй хуулийн дагуу хянуулахаар хүргүүлнэ. Нөөцийг бүртгэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Төрийн захиргааны байгууллагад хайгуулын ажлын тайлан болон техник, эдийн засгийн үнэлгээг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ. Техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор хэлэлцэж дуусгана.
16.3. Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтын багцийг нь авсан (энэхүү Гэрээг байгуулагдах үед болон ирээдүйд) ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, бусад эдэлбэрийг (эдэлбэр газрыг оролцуулан) Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээнд (тийнхүү мэдэгдэл өгсөн өдрөөс хойш) хамааруулах хүсэлтээ Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Сайдад бичгээр гаргах эрхтэй. Ингэхдээ Хөрөнгө оруулагчийн тухайн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, бусад эдэлбэрийг ашиглах үйл ажиллагаа нь бүтээгдэхүүнээ боловсруулахдаа Оюу толгой төсөлтэй холбоотой байгууламжийг ашиглахаар тусгагдсан байх нөхцөлтэй байна.
16.4. Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
16.5. Талууд энэхүү Гэрээний заалтуудыг биелүүлэхэд шаардлагатай бөгөөд зохих тус дөхөм үзүүлэх зорилготой бүх баримт бичгийг үйлдэх, хүргүүлэх талаар хамтарч ажиллана.
16.6. Энэхүү Гэрээний хүрээнд хийх холбоо харилцаа, мэдэгдлээ Талууд бичгээр үйлдэх бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн, эсхүл шуудан, факсаар илгээн, шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан төлсөн байдлаар доор дурьдсан хаягаар хүргэгдсэн өдрийг тухайн баримт бичгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн өдөр гэж тооцно.Үүнд:
Сангийн сайдад:
Сангийн яам
Засгийн газрын 2 дугаар байр А
Нэгдсэн Үндэстний гудамж-5/1
Улаанбаатар-210646
МОНГОЛ УЛС
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад:
Эрдэс баялаг, эрчим хүчний яам
Засгийн газрын 2 дугаар байр В
Нэгдсэн Үндэстний гудамж-5/1
Улаанбаатар-210646
МОНГОЛ УЛС
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Засгийн газрын 3 дугаар байр
Бага тойруу-44
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-210620а
МОНГОЛ УЛС
Айвенхоу Майнз Монголиа Инк XXK-д:
Сөүл Бизнес Төв
1-р хороо, Баянзүрх дүүрэг
Залуучуудын Өргөн Чөлөө-26
Улаанбаатар 210349
МОНГОЛ УЛС
Хэнд: Ерөнхий Захиралд
Айвенхоу Майнз Лимитед-д:
Дэлхий Худалдааны Төв
654 байр
999 Канада Ордон
Ванкувер, Би Си
КАНАДА V6C 3E1
Хэнд: Компанийн нарийн бичиг
Факс: 1 604 682 2060
Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед-д:
2 Ийст борн Тэррас
Лондон W2 6LG,
Нэгдсэн Вант Улс
Хэнд: Компанийн нарийн бичиг
Факс: 44 20 7781 1800
Хэрэв Талууд хаягаа соливол нөгөө Талдаа аль болох шуурхай бичгээр мэдэгдэх бөгөөд Энэхүү Гэрээний дагуу явуулсан мэдэгдлийг аль нэг Тал нь хүлээж авахаас татгалзсан, хүлээж авах боломжгүй байсан нь нөгөө Талын эрхийг хязгаарлах, хохироох үндэслэл болохгүй.
16.7. Энэхүү Гэрээний 16.22-д заасныг харгалзан дараахи бүх нөхцөл бүрэн хангагдсан өдрөөс эхлэн энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болно. (цаашид “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр” гэх):
16.7.1. энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн Гэрээг холбогдох талууд зөвшөөрч зохих ёсоор гарын үсэг зурсан;
16.7.2. Хувь нийлүүлэгчдийн гэрээний талуудын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр хөрөнгө оруулагчийн дүрмийг шинэчилж, Улсын бүртгэлийн алба болон Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүртгүүлсэн;
16.7.3. Оюу толгой төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомж, журмын дагуу хэлэлцсэн байх. Техник, эдийн засгийн үндэслэлийг 90 хоногийн дотор хэлэлцэж дууссан байна;
16.7.4. Гэрээ Хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар Хөрөнгө оруулагчийн зүгээс хүлээсэн алдагдал, элэгдэл тооцох зорилгоор хөрөнгөд шилжүүлэн бүртгэсэн зардал, мөн төлөгдөөгүй татварын өр, хөнгөлөлт зэрэг хасагдах зардлын тооцоог ирээдүйд хасч тооцохоор Татварын алба баталгаажуулсан байх;
16.7.5. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг талууд харилцан тохиролцсон эсхүл харилцан тохиролцоогүй бол талуудын зөвшөөрсөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг сонирхолын зөрчилгүй шинжээчээр аудит хийлгэн түүний гаргасан дүгнэлтийн дагуу уг дүнг тогтооно. Үүнтэй холбогдож гарах зардлыг Хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд аудитаар тогтоосон дүнг талууд заавал хүлээн зөвшөөрнө;
16.7.6. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 19 дугаар зүйлд дурдсан, Оюу толгой төсөлтэй холбоогүй Хөрөнгө оруулагчийн өөр бусад хөрөнгөд бүтцийн өөрчлөлт хийж дуусгасан байх;
16.7.7. Талууд барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд Хөрөнгө оруулагч ба Засгийн газрын тэнцүү тооны төлөөлөгчдөөс бүрдсэн “Ажлын Байнгын Хороо”-г байгуулах бөгөөд уг Хороо нь Засгийн газраас олгосон эрхийн дагуу дараах үүргийг гүйцэтгэнэ:
(i) Хөрөнгө оруулагч зөвшөөрөл хүсэх, түүнд зөвшөөрөл олгох үйл явцыг түргэн шуурхай зохицуулж, зохион байгуулах;
(ii) Гэрээт болон туслан гүйцэтгэгч Хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс Үндсэн үйл ажиллагаанд зориулж импортлон оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний Гашуун сухайт хилийн боомт дээрх Монголын талын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай болгох;
(iii) Оюу толгой төслийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгүүлэхийн тулд Засгийн газраас шаардлагатай захиргааны бүхий л арга хэмжээг авах нөхцөл бүрдүүлэх
16.7.8 Антре гоулд компанийн 3148Х, 3150Х хайгуулын тусгай зөвшөөрлийн холбогдолтой Айванхоу Майнс Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг Гэрээгээр эрх олгох буюу холбогдох эрхийг шилжүүлэх замаар Хөрөнгө оруулагчид шилжүүлэх (ийнхүү шилжүүлсэний дараа Засгийн газар уг эрхийн 34%-ийг эзэмшинэ) бөгөөд Засгийн газар тэдгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл болгох.
16.7.9 Айванхоу Майнс Лимитед компани Монгол улстай давхар татварын хэлэлцээртэй улсад Хөрөнгө оруулагчийн өмчлөлийг шилжүүлэх бүтцийн өөрчлөлтийг шаардлагын дагуу хийсэн бөгөөд ийнхүү бүтцийн өөрчлөлтийг хийхэд бүх шаардлагатай тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, шийдвэрийг гаргуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх.
Талууд энэхүү Гэрээг байгуулснаас хойш аль болох богино гэхдээ ямар ч тохиолдолд 6 сараас ихгүй хугацаанд Гэрээ хүчин төгөлдөр болоход шаардлагатай боломжтой бүх зүйлийг хийж гүйцэтгэнэ.
Хөрөнгө оруулагч Засгийн газарт бичгээр холбогдох урьдчилсан нөхцөлүүд хангагдах шаардлагагүй болохыг мэдэгдэхээс бусад тохиолдолд энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 сарын дотор урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй бол 16.22-д заасныг харгалзан энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохгүй.
Энэхүү Гэрээний 16.7-ийн бусад заалтуудын үйлчлэлийг хязгаарлахгүйгээр энэхүү Гэрээг байгуулсан өдөр болон Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 6 сарын хугацаанд (дээр заасанчлан) Монгол улсын аливаа хууль тогтоомж, журамд өөрчлөлт орсон бөгөөд уг өөрчлөлт нь Хөрөнгө оруулагчийн үзэж байгаагаар Хөрөнгө оруулагчид буюу Оюу толгой төсөлд аливаа хэлбэрээр сөргөөр нөлөөлөх бол Хөрөнгө оруулагч Хүчин төгөлдөр болох хугацааг эхлүүлэхгүй байх (ба энэхүү Гэрээ хүчинтэй болохгүй) тухай Засгийн газарт мэдэгдэл өгч болно.
16.8. Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт энэхүү Гэрээний эхний 30 жилийн хугацаа дуусгавар болохоос 12 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэл (“Гэрээг сунгах Мэдэгдэл”) өгсөнөөр энэхүү Гэрээний хугацааг 20 жилийн хугацаатайгаар (“Гэрээ сунгах хугацаа”) дараахь нөхцөлд сунгана: Хэрэв
16.8.1 Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг үйл ажиллагааг улс орон, орон нутагт үр ашигтайгаар болон байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр, тус салбарын хамгийн тэргүүний жишгээр явуулсан гэдгээ харуулсан;
16.8.2 Хөрөнгө оруулагч нь Гэрээг сунгах мэдэгдэл өгөхөөс өмнө Оюу толгой төсөлд 9 тэрбум ам.долларыг (номинал үнээр) хөрөнгө оруулалтад зарцуулсан; болон
16.8.3 Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн дараахь үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзвэл:
i) Энэхүү Гэрээний дагуу болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу татварууд төлөх үүргээ гүйцэтгэсэн бол;
ii) Гэрээний 3.7.2-д заасан үүргээ Хөрөнгө оруулагч биелүүлсэн бол;
iii) Гэрээний 3.20-д заасан үүргээ Хөрөнгө оруулагч биелүүлсэн бол;
iv) Шаардлагатай бол Гэрээний 6.8-д заасан төлбөрүүдийг төлөх үүргээ Хөрөнгө оруулагч биелүүлсэн бол;
v) Гэрээний 7.3.1-д заасан үүргээ Хөрөнгө оруулагч биелүүлсэн бол;
Хэрэв Гэрээ сунгах Мэдэгдлийг Гэрээний 16.8-д заасны дагуу өгсөн бол Засгийн газар Гэрээний хугацааг сунгана. Хэрэв Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Гэрээ сунгах Мэдэгдлийн хүчин төгөлдөр байдалтай холбогдуулан маргаан гаргавал Талууд уг маргааныг сайн санааны үндсэн дээр 12 сарын хугацаанд шийдвэрлэхийг чармайна. Хэрэв энэ хугацаанд маргаан шийдвэрлэгдээгүй бол Гэрээний 14.2-т заасны дагуу арбитраар шийдвэрлүүлнэ. Хөрөнгө оруулагч нь хэлэлцээний болон арбитрын үйл ажиллагааны хугацаанд Үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд энэ хугацаанд Гэрээ хүчин төгөлдөр байна.
16.9 Хавсралтууд нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг байна.
16.10. Гэрээг монгол, англи хэлээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд эх бичвэрүүдийн хувийг Талууд хадгална. Гэрээний монгол, англи хэл дээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд харин хоёр хэлээр үйлдсэн хувиудын хооронд орчуулгын хувьд аливаа эрх зүйн маргаан гарвал англи хэл дээрх эх бичвэрийг баримтална.
16.11. Энэхүү Гэрээ нь Монгол Улсын хууль болон Монгол улсын олон улсын гэрээний дагуу зохицуулагдаж тайлбарлагдана.
16.12. Энэхүү Гэрээг байгуулснаар Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд өмнө нь байгуулсан энэ Гэрээний зүйлтэй холбоотой бусад бүх гэрээг хүчингүй болсонд тооцно.
16.13. Энэхүү Гэрээ нь Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 29 дүгээр зүйл болон Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Хөрөнгө оруулалтын Гэрээ болно.
16.14. Энэхүү Гэрээ байгуулагдсанаас хойш шинээр батлагдсан Оюу толгой төслийн үйл ажиллагаа болон энэхүү Гэрээтэй холбоотой аливаа хууль тогтоомж, журамд орсон өөрчлөлт (түүний дотор шинээр батлагдсан аливаа хууль тогтоомж, журам) , эсхүл бусад аливаа шаардлага нь энэхүү Гэрээний 2.22.2 болон 16.14-т заасны дагуу энэхүү Гэрээ болон Оюу толгой төсөлтэй холбоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай болсон нь Хөрөнгө оруулагчийг ялгаварлан гадуурхсан (2.3-д заасан ялгаварлан гадуурхахгүй зарчмуудыг харгалзан үзэх) бол тэдгээр аливаа өөрчлөлт нь энэхүү Гэрээ болон Оюу толгой төслийн үйл ажиллагаанд хамаарахгүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна.
16.15. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Хөрөнгө оруулалтын Гэрээг байгуулах тухай хүсэлтийг уг хуулийн 30.1-д заасны дагуу Хөрөнгө оруулагч нь гаргасан болно.
16.16. Гэрээ дуусгавар болох буюу Гэрээний хугацаа дуусах нь ийнхүү Гэрээ дуусгавар болох өдрийг хүртэл бий болсон, мөн уг өдөр эдлээгүй болон биелүүлэлгүй үлдсэн Талуудын мөнгөн төлбөрийн эрх, үүрэг болон Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүд болон бусад зөвшөөрлүүдийг Хөрөнгө оруулагч үргэлжлүүлэн эзэмших, ашиглах эрхэд, эсхүл Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнүүдэд нөлөөлөхгүй.
16.17. Хөрөнгө оруулагч болон түүний хамааралтай этгээдүүд нь өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнууд түүний дотор Монгол Улсын авилгатай тэмцэх хууль тогтоомжийг даган мөрдөх бөгөөд Хөрөнгө оруулагч болон түүний хамааралтай этгээдүүд нь Монгол Улсад өөрсдийн үйл ажиллагаагаа тэрхүү хуулиар хүлээсэн үүрэгт нийцүүлэн явуулна.
16.18. Энэхүү Гэрээ нь нийтэд нээлттэй байна.
16.19. Хөрөнгө оруулагч нь олборлох салбарын ил тод байдлын санаачлагын талаар Засгийн газрын баталсан хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичгийг даган биелүүлэх бөгөөд олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй санаачлагуудтай уялдуулах, шаардагдах мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахыг зөвшөөрч байна.
16.20. Энэхүү Гэрээний 16.21-р заалтад тайлбарласанчлан Иргэний хуулийн 5.3-р зүйлийн үйлчлэлээс гадна тус хуулийн 5.2-т заасны дагуу хэрэв шинээр батлагдсан аливаа хууль тогтоомж энэхүү Гэрээний Талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байвал энэхүү Гэрээний нөхцөлүүд хүчинтэй байна. Үүний үндсэн дээр 16.21-р заалтад зааснаар Иргэний хуулийн 5.3-р зүйлийн үйлчлэл, Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-р зүйлийн дагуу Талууд доорхи нөхцөлүүдийг зөвшөөрч байна. Үүнд:
16.20.1. Татварын тогтвортой орчинг хангахын тулд энэхүү Гэрээнд заасан тогтворжуулсан татвартай холбоотой хууль, дүрэм журам, хэлэлцээрэрх зүйн бусад баримт бичигт Монгол Улсын энэхүү Гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн хууль, дүрэм журам, хэлэлцээр, эрх зүйн бусад баримт бичгийг ойлгоно.
16.20.2. Үйл ажиллагааны тогтвортой орчинг хангахын тулд энэхүү Гэрээнд заасан татвартай холбоогүй хууль, дүрэм журам, хэлэлцээр, эрх зүйн бусад баримт бичгийн тодорхой заалтуудад энэхүү гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалтуудыг ойлгоно.
16.21. Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Монгол Улсад аливаа хууль буюу дүрэм журам батлагдсан эсвэл Монгол улс олон улсын гэрээнд нэгдэн орсон бөгөөд уг хууль, дүрэм журам буюу гэрээ нь Хөрөнгө оруулагчид энэхүү Гэрээнд зааснаас илүү таатай нөхцөл олгож байвал Хөрөнгө оруулагч уг хууль, дүрэм журам буюу Гэрээний нөхцөлийг эдлэхийг хүсч байгаа тухай мэдэгдлээ Засгийн газарт бичгээр ирүүлнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 5.3, Ашигт малтмалын тухай хуулийн 29.1-д заасны дагуу
16.21.1. 16.21.2-р заалтыг харгалзан ийм хууль, дүрэм журам буюу Гэрээ нь тухайн хууль, дүрэм журам буюу Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагчид үйлчилнэ.
16.21.2. Хэрэв ийм хууль, дүрэм журам буюу Гэрээнд хожим нь нэмэлт өөрчлөлт орж, Хөрөнгө оруулагчид илүү таатай нөхцөл олгохгүй болсон бол ийм нэмэлт өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагч 16.21-р заалтад заасан мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлсэнээс өмнөх нөхцөл байдлыг эргүүлэн хэрэглэнэ.
16.22. Энэхүү 16.22 болон 10.2, 14, 16.6, 16.7, 16.11, 16.21, 16.23, 16.24 болон Хавсралт 1 нь энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
16.23. Энэхүү Гэрээг байгуулахдаа талууд Гэрээг байгуулах, түүний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрх, хууль ёсны итгэмжлэлтэй болохоо харилцан баталгаажуулав.
16.24. Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр Гэрээ нь УИХ-ын Тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар баталгаажуулав.
16.25. Хэрэв энэхүү Гэрээний аливаа заалт аливаа шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсон бол тухайн заалтыг Гэрээнээс тусад нь авч үзэх бөгөөд Гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна.
Дээрхийг нотлон энэхүү Гэрээг 2009 оны [ ] сарын [ ] өдөр Улаанбаатар хотноо үйлдэв:
Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж
Монгол Улсын Сангийн Сайд:
…………………………… Огноо: ……………………………
Эрдэс баялаг, эрчим хүчний Сайд:
…………………………… Огноо: ……………………………
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд:
…………………………… Огноо: ……………………………
Айвенхоу Майнз Монголиа Инк. ХХК-ийг төлөөлж:
…………………………… Гарын үсэг
Нэр болон албан тушаалыг хэвлэх Огноо:
Айвенхоу Майнз Лимитед-ийг төлөөлж:
…………………………… Гарын үсэг
Нэр болон албан тушаалыг хэвлэх Огноо:
Рио Тино Интернэшнл Холдингс Лимитед-ийг төлөөлж:
…………………………… Гарын үсэг
Нэр болон албан тушаалыг хэвлэх Огноо:
ХАВСРАЛТ 1
НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү Гэрээнд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Нэгдүгээр хавсралтад тодорхойлогдоогүй аливаа нэр томъёог энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол, Гэрээ байгуулагдах өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу ойлгоно.
(a) “баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа” гэж Баяжуулагчийн хүчин чадлыг дунджаар 70 хувьд хүргэж ашигласан үргэлжилсэн 3 сарын хугацааны сүүлчийг хэлнэ.
(b) “хамааралтай этгээд” гэж аливаа хуулийн этгээд аливаа бусад хуулийн этгээдийн хяналтад байдаг буюу хянадаг эсхүл уг хуулийн этгээдтэй нэгдмэл хяналтад байдаг тохиолдлыг хэлэхийн зэрэгцээ Айвенхоу группийн аливаа гишүүн нь Рио Тинто группийн Хамааралтай этгээд, нөгөө талаар Рио Тинто группийн аливаа гишүүн нь Айвенхоу группийн Хамааралтай этгээд гэж тооцогдож байгаа тохиолдлыг хэлнэ.
(c) “Гэрээ” гэж энэхүү Гэрээ, түүнд хавсаргасан хуваарь болон Хавсралтуудыг хэлнэ.
(d) “хуанлийн сар” гэж хуанлийн 12 сарын аль нэг сарыг хэлнэ.
(e) “хуанлийн улирал” гэж Хуанлийн (i) 1, 2, 3-р сарууд, (ii) 4, 5, 6-р сарууд, (iii) 8, 9, 10-р сарууд, эсхүл (iv) 10, 11, 12-р сарыг хэлнэ.
(f) “хуанлийн жил” гэж 1-р сарын 1-нээс 12-р сарын 31-ийг дуустал үргэлжлэх хугацааг хэлнэ.
(g) “үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр” гэж барилгын ажлын тухайн үе шатанд баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт хүчин чадлын 70 хувийг 30 өдрийн турш тасралтгүй бүтээгдэхүүн гаргаж, Оюу толгой төслөөс хэрэглэгч нарт тогтмол тээвэрлэн хүргэж эхэлсэн сарын дараагийн сарын эхний өдрийг хэлнэ. Энэ нь баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг эзэмших хугацаанаас өмнө тохиож болох бөгөөд энэ тухай Хөрөнгө оруулагч Засгийн газарт мэдэгдэнэ.
(h) “гүйцэтгэлийн өдөр” гэж хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсон утгатай ижил байна.
(i) “баяжуулах үйлдвэр” гэж Гэрээний 3.5-р зүйлд заасан Техник эдийн засгийн үндэслэлд дурдсан баяжуулагчийг Оюу толгой төслийн үйл ажиллагааны хугацаанд үе шаттайгаар хүчин чадлыг нь өргөжүүлснээр жилд ойролцоогоор 58 сая тонн хүдэр боловсруулах боломжтой үйлдвэрийг хэлнэ.
(j) “барилгын ажил гүйцэтгэх хугацаа” гэж Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дараахь тохиолдлын аль түрүүчийнхийг хэлнэ:
(i) Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн дараа;
(ii) Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх.
(k) “гэрээт талбай” гэж :
(i) Хавсралт А-д тодорхойлсон Ашигт малтмал ашиглалтын 6709A, 6708A болон 6710A тусгай зөвшөөрлүүдэд хамаарах талбайг;
(ii) Энэхүү Гэрээний 16.3-т заасны дагуу Оюу толгой төсөлтэй холбоотойгоор Хөрөнгө оруулагчийн тухай бүр бичгээр тодорхойлон энэхүү Гэрээнд нэмж тусгах ашиглалтын тусгай зөвшөөрлийн бусад бүх нэмэгдсэн талбай, холбогдох эдэлбэрийн эрх .
(l) “гэрээт гүйцэтгэгч” гэж үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэг үйл ажиллагаа явуулах, хангамжийн үйлчилгээ үзүүлэхээр Хөрөнгө оруулагчтай (эсвэл түүний харилцан хамаарал бүхий этгээдтэй) гэрээ байгуулсан компани, хувь хүнийг хэлнэ.
(m) “хяналт тавих” гэж хуулийн этгээдийн хувьд, тухайн хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хурал дээр шууд буюу шууд бусаар олонхийн санал гаргах эрх, эсвэл тухайн хуулийн этгээдийн захирлуудын олонхийг шууд буюу шууд бусаар сонгох буюу томилох эрхийг хэлнэ.
(n) “Үндсэн үйл ажиллагаа” гэж Гэрээний 1.5-д тодорхойлсоныг хэлнэ.
(o) “Зөвлөл” гэж Гэрээний 4.1- д тодорхойлсоныг хэлнэ.
(p) “хүчин төгөлдөр болох” гэдгийг Гэрээний 16.7-д зааснаар ойлгоно.
(q) “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэдгийг Гэрээний 6.1-д зааснаар ойлгоно.
(r) “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэдгийг Гэрээний 6.3-т зааснаар ойлгоно.
(s) “хувь нийлүүлэгчийн одоогийн зээл” гэдгийг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар ойлгох бөгөөд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр хүртэл олгогдсон зээлийн дүнг Хөрөнгө оруулагч, Айвенхоу групп болон Рио Тинто групп ойролцоогоор 1 тэрбум ам.доллар (энэ дүнг энэхүү Гэрээний 16.7.4-р заалтын дагуу тодорхойлно) гэж тооцсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 14.1 (d)(ii) заалтыг хэрэгжүүлэх үүднээс Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлэнд энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс өмнө Оюу толгой төсөлтэй холбогдуулан гаргасан аливаа хайгуулын ажлын зардлыг оруулахгүй бөгөөд ийм хайгуулын ажлын зардлын хэмжээг 16.7.5-д заасан аудитаар тодорхойлж, зөвшөөрнө. Ийм хайгуулын ажлын зардалд нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчмын дагуу хөрөнгөд бүртгэх зардлууд, түүний дотор жишээ нь уурхайн босоо амын барилгын өрөмдлөгийн зардал, газрын гүний барилгын ажлын зардлуудыг оруулахгүй хэмээн Талууд тохиролцов.
(t) “өргөтгөл хийх хугацаа” гэж Оюу толгой төслийг өргөжүүлэхэд Хөрөнгө оруулагчаас ихээхэн хэмжээний хөрөнгийн зардал гаргах үүрэг хүлээсэн хугацааг хэлнэ.
(u) “техник эдийн засгийн үндэслэл” гэж Монгол улсын холбогдох хууль тогтоомж, журам эсхүл түүнтэй тэнцэхүйц олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагуудын дагуу бэлтгэсэн ашигт малтмалын нөөцийг Гэрээт талбайгаас олборлох техник эдийн засгийн үндэслэлийг хэлнэ.
(v) “Давагдашгүй хүчин зүйл” гэж энэхүү Гэрээний аль нэг талын хяналтаас давсан хүчин зүйлийг хэлнэ. Үүнд: газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, цацраг идэвхит бодисын хордуулалт, олон улсын хилийн боомт хаагдах (аль нэг талдаа), хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр зэрэг нийгмийн амьдралд гарсан онцгой байдлыг хэлнэ.
(w) “гадаадын хөрөнгө оруулалт” гэж Гэрээг байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтын талаар заасантай адил утгатай байна.
(x) “Хөрөнгө оруулагч”гэж Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК болон түүний эрх олгосон батлагдсан этгээдийг хэлнэ.
(y) “хөрөнгө оруулагчийн дэд бүтэц, үйлчилгээ” гэж Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд болон тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч нарын Оюу толгой төсөлтэй холбоотой санхүүжүүлэн барьж байгуулсан аливаа дэд бүтэц болон үйлчилгээг хэлнэ.
(z) “Айвенхоу групп” гэж Айвенхоу Майнз Лимитед болон түүний хамааралтай аливаа этгээдийг хэлнэ.
(aa) “Айвенхоу Майнз Лимитед” гэдэг нь ийм нэртэйгээр Канад Улсад байгуулагдсан компанийг хэлнэ.
(bb) “Айвенхоу” гэж Британийн Виржинийн Арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Айвенхоу Оюу толгой (БиВиАй) Лимитед компанийг хэлнэ.
(cc) Менежментийн үйлчилгээний төлбөрийн гэрээ гэдэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6.1 (c)–д заасан гэрээг хэлнэ.
(dd) Менежментийн үйлчилгээний төлбөр гэдэг нь Канад-Монголын хоорондын давхар татварын хэлэлцээрийн 12А зүйлийн параграф 3-т заасан техникийн, удирдлагын, зөвлөхийн үйлчилгээний шинж чанартай аливаа үйлчилгээний хөлсөнд төлсөн төлбөрийг хэлнэ.
(ee) “Ашигт малтмалын тухай хууль” гэдэг нь Ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, эсхүл оронд нь баталсан Монгол Улсын аливаа хуулийг хэлнэ.
(ff) “Төрийн захиргааны байгууллага ” гэж геологи, эсхүл уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүний залгамжлагч Засгийн газрын агентлагуудыг хэлнэ.
(gg) “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдсон 6709A, 6708A болон 6710A ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд (үүнд тэдгээрийн шинэчлэх, сунгалт хийх болон орлуулах эсхүл сольсон бүх хэлбэр орно) болон мөн Гэрээний 16.3–д заасны дагуу Хөрөнгө оруулагчаас Засгийн газарт бичгээр санал болгосноор энэхүү Гэрээнд хамааруулан оруулсан Оюу толгой төслийн хайгуулын ба ашиглалтын бусад талбайд олгосон зөвшөөрлүүдийг хэлнэ (тэдгээрийн сунгaсан, шинэчилсэн, орлуулсан, эсхүл сольсон бүх л хэлбэрийг үүнд багтаана).
(hh) “Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Сайд” гэж эрдэс баялаг болон, эрчим хүчний асуудал эрхэлсэн Сайд болон түүний залгамжлагч Сайдуудыг хэлнэ.
(ii) “Тогтворжуулаагүй татварууд” гэдгийг энэхүү Гэрээний 2.1-т зааснаар ойлгоно.
(jj) “мэдэгдэл” гэдгийг 10.7-д зааснаар ойлгоно.
(kk) “Оюу толгой төсөл” гэж Гэрээт талбайд болон түүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй үндсэн үйл ажиллагаа болон бусад туслах үйл ажиллагаанаас бүрдэх Оюу толгой төслийг хэлнэ.
(ll) “Оюу толгой төслийн ажиллах хүч” гэж Хөрөнгө оруулагч, түүний гэрээт гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчид буюу тэдний нэрийн өмнөөс ажилтнаар, гүйцэтгэгчээр буюу бусад хэлбэрээр авч ажиллуулж Монгол Улсын Оюу толгой төсөлтэй холбоотойгоор аливаа ажил, үйлчилгээ гүйцэтгэж буй нийт хүмүүсийг хэлнэ.
(mm) “Оюу толгой төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөө” гэдгийг Гэрээний 8.9-д зааснаар ойлгоно.
(nn) “талууд” гэж энэхүү Гэрээний талууд болох Засгийн газар болон Хөрөнгө оруулагч хоёр болон тэдгээрийн зөвшөөрөгдсөн залгамжлагч болон томилогдсон этгээдийг хэлэх бөгөөд Тал гэдэг нь мөн өмнөхтэй адил утгыг илэрхийлнэ.
(oo) “Зөвшөөрөл” гэдгийг Гэрээний 1.2 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно.
(pp) “бүтээгдэхүүн” гэж судалгаа шинжилгээ, туршилт, олборлолт, боловсруулалт, эсхүл тээвэрлэлтийн явцад хорогдсон, устгагдсан эсхүл ашиглагдсан хэмжээг хасан үндсэн үйл ажиллагааны үр дүнд гарган авсан
i) хүдэр, ашигт малтмал, баяжмал, дахин баяжуулсан болон цэвэршүүлсэн бүтээгдэхүүнд агуулагдах зэс, алт, мөнгө, молибден, мөн
ii) зэс, алтны хүдэржилтэнд орших бусад метал, эрдэсийг хэлнэ.
(qq) “нийтийн хэрэгцээний дэд бүтэц” гэдгийг Гэрээний 7.7-д зааснаар ойлгоно.
(rr) “Тогтоол” гэж 2009 оны 7 дугаар сарын 16 -ны өдөр баталсан Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолыг ойлгоно.
(ss) “Рио Тинто групп” гэдэг нь Рио Тинто Хувьцаат компани болон Рио Тинто Лимитед, тэдгээрийн хамааралтай этгээдүүдийг хэлнэ.
(tt) “Рио Тинто Лимитед” гэж ийм нэртэйгээр Австрали Улсад байгуулагдсан компанийг хэлнэ.
(uu) “Рио Тинто Хувьцаат компани” гэж ийм нэртэйгээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад байгуулагдсан компанийг хэлнэ.
(vv) Төрийн өмчит компани гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсон.
(ww) “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэж Засгийн газар болон Засгийн газрын өмнөөс төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу, Хөрөнгө оруулагч нарын хооронд энэхүү Гэрээг байгуулагдах өдөр буюу тэр үед байгуулсан Оюу Толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг хэлнэ.
(xx) “хайлуулах үйлдвэр” гэдгийг Гэрээний 3.16-д зааснаар ойлгоно.
(yy) “тогтворжуулсан” гэж татварын хувь, хэмжээг бууруулахаас бусад тохиолдолд энэ Гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан татварын хувь хэмжээг тогтвортой дагаж мөрдөхийг хэлнэ.
(zz) “тогтворжуулсан татвар” гэдгийг Гэрээний 2.1-д тодорхойлсон болно.
(aaa) “Төр” гэж Монгол Улсыг хэлнэ.
(bbb) “нөөцийн дүгнэлт” гэж Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагуудыг хангасан, нөөцийн тооцооны мэдээллийг хэлнэ.
(ccc) “ажлын байнгын Хороо” гэж 16.7.7-д тодорхойлсон Хороог хэлнэ.
(ddd) “туслан гүйцэтгэгч” гэдэг нь үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэг үйл ажиллагаа явуулах, хангамжийн зүйлс нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхээр Гэрээт гүйцэтгэгчтэй түүний Хамааралтай этгээдүүдтэй гэрээ байгуулсан компани, хувь хүнийг хэлнэ.
(eee) “татварууд” гэж Татварын ерөнхий хуулийн 5.1-р зүйлд заасан татвар, хураамж, төлбөрүүдийг хэлэх бөгөөд Татвар болон татварууд гэдэг нь адил утгыг илэрхийлнэ.
(fff) “толгой компани” гэдэг нь Айвенхоу Майнз Лимитед, эсхүл Рио Тинто Пи Эл Си Хувьцаат компанийг хэлнэ.
(ggg) “НҮБОУХЭЗК-ийн Дүрэм” гэдгийг 14.2-д зааснаар ойлгоно.
(hhh) “ам. доллар ба $” гэж Америкийн Нэгдсэн Улсын хууль ёсны мөнгөн тэмдэгтийг хэлнэ.
(iii) “усны зөвшөөрөл” гэдгийг Усны нөөцийг (870 л/с)-ээр батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тоот тушаалд заасан утгаар ойлгоно.
(jjj) “Ажлын өдөр” гэж Монгол Улсын Улаанбаатар хотод банкны үндсэн үйл ажиллагаа явуулахаар банкууд нээлттэй байдаг, хагас болон бүтэн сайн өдрөөс бусад өдрийг хэлнэ.
(kkk) Гэнэтийн ашгийн татварын хууль гэдэгт 2006 оны 5-р сарын 12-ны өдөр Улсын Их хурлын баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ноогдуулах албан татварын тухай хуулийг, нэмэлт өөрчлөлтүүдийн хамтаар ойлгоно.
(lll) Гэнэтийн ашгийн татварын хуулийг хүчингүй болгох тухай хууль гэдэгт Зарим барааны үнийн өсөлтөд ноогдуулах албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг ойлгоно.
Энэхүү Гэрээний зүйл ангийн гарчгийг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс өгсөн бөгөөд Гэрээний агуулгыг тайлбарлахад үл хамаарна.
I. Нэг тоогоор олон тоог төлөөлүүлж болох ба олон тоогоор нэг тоог төлөөлүүлэн хэрэглэж болно.
II. Энэхүү Гэрээ, эсхүл бусад хэлэлцээр, баримт бичгүүдэд оролцогч аль нэг Талыг иш татвал энэ нь тухайн Талаас өвлөн авсан эсхүл эрх шилжүүлэн авсан, эсхүл орлох эрхтэй Талд ч нэгэн адил хамаарна.
III. тухайлбал, түүний дотор, жишээ нь зэрэг нь эдгээртэй төстэй бусад хэллэгүүд нь бусад хамарч болох зүйлсийг хязгаарлахгүй.
IV. Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэ Гэрээний ямар ч хэсгийг тайлбарлахгүй.